Израильчууд Сар руу “Берешит-2” хөлгийг хөөргөнө

Дэлхийд | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2019-04-15 16:04:45

ТЕЛЬ-АВИВ. /РИА Новости/. Сар руу хоёр дахь удаагаа автомат станц хөөргөхөд төр оролцоно гэж Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху мэдэгдлээ.


Өмнө нь Израилийн SpaceIL гэдэг төрийн бус байгууллагын удирдагч Моррис Кан ярихдаа “пүрэв гарагт Сарны гадаргуу дээр буух явцдаа осолдон сүйрсэн станцын гүйцэтгэх ёстой байсан ажлыг дуусгахын тулд "Берешит-2" хэмээх аппаратыг угсрахаар шийдвэрлэлээ” гэсэн юм.   


“Бид эхний хөлгийг хөөргөхөд оролцсон бол одоо хоёрдахийг нь хөөргөхөд мөн оролцоно. Энэ удаад бүх зүйл амжилттай болно гэж найдаж байна. Ингэснээр бид Саран дээр буусан дэлхийн 4 дэх улс болно” гэж Нетаньяху засгийн газрын хуралдааны үеэр хэлжээ.


Төр болон "Israel Aerospace Industries" концернийн дэмжлэгтэйгээр SpaceIL байгууллагын хөөргөсөн эхний “Берешит” автомат станц 6,5 сая км замыг туулж, Сарны тойрог замд орсон боловч гадаргуу дээр буух сүүлчийн мөчид хөдөлгүүр нь гацсаны улмаас осолдон сүйрсэн билээ.


“Берешит” хөлгийг нисгэснээр Израиль улс Сарны тойрог замд орж чадсан 4 дэх улс болсон бол Сарны гадаргуу дээр аппаратыг буулгаж чадсан тохиолдолд ЗХУ, АНУ, Хятадын дараа бичигдэх юм. “Берешит” бол Сар руу хөөргөсөн хувийн байгууллагын анхны хөлөг бөгөөд үүнд 100 сая ам.долларын зардал гарчээ. 

Холбоотой мэдээ