Ливид байлдааны ажиллагааны улмаас амиа алдсан хүний тоо нэмэгджээ

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2019-04-15 17:06:03

ТРИПОЛИ. /TASS/. Ливи улсад болж буй байлдааны ажиллагааны улмаас 147 хүн амиа алдаж, 614 хүн шархадсан тухай тус улс дахь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын салбар “Twitter” хуудсандаа мэдээлжээ.


Урьд нь 121 хүн амиа алдаж, 561 хүн шархадлаа гэж мэдээлж байв. Ливи улсын засгийн эрх мэдэл хоёр хуваагдчихаад байгаа юм. Фаиз Сараж тэргүүтэй Үндэсний зөвшилцлийн Засгийн газар нийслэл Триполи хотод, харин Ливийн Үндэсний армийн дэмждэг, парламентаас сонгогдсон Абдалла Абдуррахман ат-Танигийн тэргүүлдэг сайд нарын түр танхим тус улсын зүүн нутагт үйл ажиллагаагаа явуулж байна. 


Ливийн Үндэсний армийн командлагч Халиф Хафтар Триполи хот руу хийх дайралтаа эхлүүлснийг дөрөвдүгээр сарын 4-нд мэдэгдсэн билээ. Харин Сараж өөрийн хяналтад байдаг цэргүүдээ байлдааны бэлэн байдалд оруулах тушаал өгсөн. Байлдааны ажиллагаа одоогийн байдлаар нийслэл хотын орчимд болж байгаа аж.


Холбоотой мэдээ