Пеле эмнэлгээс гарчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-04-16 11:47:29

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /TASS/. Бразилын хөл бөмбөгийн шигшээ багийн довтлогч асан Пеле өнгөрсөн даваа гарагт эмнэлгээс гарчээ. Тэрбээр бөөрний чулуу авахуулах мэс засал хийлгэсэн юм. Энэ тухай Бразилын Сан-Паулу хотын Альберт Эйнштейний нэрэмжит эмнэлгийн цахим хуудаст мэдээлсэн байна.


Домогт хөлбөмбөгчин Парисаас буцаж ирсэн даруйдаа буюу дөрөвдүгээр сарын 9-нд эмнэлэгт хэвтжээ. Пеле Францад антибиотикийн курс эмчилгээ хийлгэсэн байна. Өдгөө 78 настай хөлбөмбөгчин өрөөсөн бөөрөө авахуулсан байсан учир эмч нар хүндрэл гарах вий гэж болгоомжилж байжээ.


Бразилын хөл бөмбөгийн шигшээ багийн довтлогч асан дөрөвдүгээр сарын 2-нд өндөр халуурсныхаа дараа эмнэлэгт хүргэгдсэн байна. Үүний өмнө тэрбээр Францын үндэсний шигшээ багийн довтлогч Килиан Мбаппетэй хамт зар сурталчилгааны арга хэмжээнд оролцож байжээ.


Пеле бол дэлхийн гурван удаагийн аварга /1958, 1962, 1970/ болсон цорын ганц тоглогч юм. Тэрбээр Бразилын шигшээ багийн бүрэлдэхүүнд 92 тэмцээнд оролцож, 77 гоол оруулжээ. Пеле XX зууны шилдэг хөл бөмбөгчний нэгд тооцогддог билээ.

Холбоотой мэдээ