МОНЦАМЭ агентлаг солонгос хэлээр мэдээ мэдээллээ түгээж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136 @gmail.com
2025-12-08 18:39:25

Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг Солонгос хэлний редакц байгуулж, арванхоёрдугаар сарын 8-ны өдрөөс мэдээ мэдээллээ солонгос хэлээр түгээж эхэллээ.


Энэхүү үйл ажиллагааг эхлүүлэх Харилцан ойлголцлын санамж бичигт МОНЦАМЭ агентлагийн дарга Х.Энх-Орших, БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чой Жин Вон нар 2025 оны арваннэгдүгээр сарын 28-нд гарын үсэг зурсан юм.


Солонгос хэлээр мэдээ мэдээллээ түгээж эхэлснээр МОНЦАМЭ агентлагийн www.montsame.mn цахим хуудас монгол, англи, орос, хятад, япон, солонгос хэлээр ажиллаж эхэллээ.


Тус агентлагт Солонгос хэлний редакц байгуулах санаачилга сүүлийн жилүүдэд идэвхтэй яригдаж, хоёр улс дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүрээнд БНСУ-ын Элчин сайдын яамны зохих дэмжлэгтэй ийнхүү ажил хэрэг боллоо.


Монгол Улс 1990 онд зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжин орж, гадаад харилцаагаа нээлттэй болгосноос хойш хамгийн түрүүнд БНСУ-тай дипломат харилцаа тогтоосон. Тиймээс МОНЦАМЭ агентлагийн Солонгос хэлний редакц хоёр орны хооронд өргөжин тэлж буй эдийн засаг, улс төрийн харилцааны гүүр болж, иргэд хооронд харилцан ойлголцлыг бэхжүүлэх ач холбогдолтой юм.


Ташрамд дурдахад, Монгол Улсыг дэлхийд сурталчлах, дэлхий дахины мэдээллийг монголчуудад хүргэх хамгийн шуурхай, баталгаатай эх сурвалж болдог МОНЦАМЭ агентлаг дээр дурдсан 6 хэлээр цахим хуудас ажиллуулахын зэрэгцээ үндэсний монгол бичиг, орос, хятад, япон, англи хэлээр 7 хоног тутмын “Хүмүүн бичиг”, “Новости Монголии”, “Мөнгү Шяоши Бао”, “Монгорү Цүүшин”, “The Mongol Messenger" сонин,  англи хэлээр улирал тутам “Mongolia Today” сэтгүүлийг эрхлэн гаргаж байна.


“Мөнгү Шяоши Бао” сонин анх 1928 онд “Ажилчны зам” нэртэй гарч байгаад 1964 оны аравдугаар сараас ”Мөнгү Шяоши Бао” /Монголын мэдээ/ нэрээр гарч байна.

 “Новости Монголии” сонин 1942 онд “Үнэн” сонины дэргэд анх гарч эхэлжээ. Тухайн үед “Үнэн-Правда” нэртэй гарч байгаад удалгүй “Монгольские новости”, 1973 онд “Новости Монголии” гэдэг нэртэй болж 2002 оноос өнөөг хүрчээ.

“Mongol Messenger” сонин 1991 оны долоодугаар сард анх хэвлэгдсэнээс хойш тасралтгүй гарч байна.  

“Монгорү Цүүшин” буюу “Монголын мэдээ” нь япон хэлээрх Монголын анхны төдийгүй цорын ганц сонин 2003 оны 10 дугаар сард анхны дугаар нь гарсан.

“Мongolia Today” сэтгүүл

Монгол Улсыг гадаадад сурталчлах зорилгоор 1956 онд “Орчин үеийн Монгол Улс” сэтгүүлийг монгол, орос хэлээр гаргажээ. 1990-ээд онд сэтгүүлийн үйл ажиллагаа зогссон боловч 2007 оноос эргэж сэргэн өдгөө Англи хэлний редакцийн бүрэлдэхүүнд улирал тутам гарч байна.

Уншигч Та Монголын тухай мэдээ мэдээллийг 

https://montsame.mn/kr/ цахим хуудаснаас солонгос хэлээр уншина уу.


МОНЦАМЭ агентлагийн дарга Х.Энх-Орших, БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чой Жин Вон нар 

Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав. 2025.11.28-ны өдөр

Холбоотой мэдээ