Ц.Цогтбаатар, О.Ууганбаатар нар Ази тивийн аварга болов

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2019-04-22 09:15:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Арабын нэгдсэн Эмират улсын Фужирах хотноо жүдо бөхийн Ази, номхон далайн бүсийн аварга шалгаруулах тэмцээнээс манай баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ.


Тэмцээний 2 дахь өдөр эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд Ц.Цогтбаатар БНСУ-ын жүдоч Ан Чан Римыг цэвэр ялж Азийн аварга болсон бол 81 кг-д О.Ууганбаатар Узбекистаны жүдоч Ш.Болтабоевыг ялснаар энэ удаагийн тивийн АШТ-ээс манай багаас хошой алтан медальт тамирчид төрлөө. Мөн энэ өдөр эмэгтэйчүүдийн 63 кг-д Б.Ганхайч мөнгөн медаль хүртэж, өмнөх өдрийн мөнгөн медалийг ихэрлүүлсэн юм.


Монгол Улсаас эрэгтэй ес, эмэгтэй найм, нийт 17 тамирчин 13 жинд 2019 оны Ази тивийн АШТ-д хүч, ур чадвараа сорин өрсөлдөж байгаа юм. Өнөөдөр манай 6 жүдоч хүчээ сорино.

Холбоотой мэдээ