Орон нутгийн сурагчдад МУИС-ийг танилцуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-04-22 17:09:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МУИС-ийн багш, удирдлагаас бүрдсэн баг Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд аймгийн ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдад мэргэжил сонголт, ирээдүйн мэргэжлийн чиг хандлагын талаар өнгөрсөн долоо хоногт лекц уншиж, сургуулийнхаа танилцуулга, мэдээлэл хүргэлээ.


Элсэлтийн танилцуулга, мэдээллийн өдөрлөгөөр эдгээр 4 аймгийн ЕБС-ийн ахлах ангийн сурагч, анги удирдсан багш, сургуулийн захирал, эцэг эхийн төлөөлөлд МУИС-ийн захирал, доктор Я.Төмөрбаатар, МУИС-ийн Сургалт, оюутан хариуцсан дэд захирал, доктор Б.Очирхуяг, Элсэлт, бүртгэлийн хэлтсийн мэргэжилтэн Ж.Оюунбилэг нар тус сургуулийн танилцуулга, элсэлтийн бодлого, элсэлтийн журмын шинэлэг зохицуулалт, шилдэг элсэгчдэд олгох хөнгөлөлт, урамшуулал зэргийг танилцуулсан юм. Түүнчлэн МУИС-ийн багш, доктор Д.Бумдарь “Мэргэжлээ сонгох нь”, МУИС-ийн багш, доктор Д.Эрдэнэбаатар “Ирээдүйн боловсролын чиг хандлага” сэдвээр тус тус лекц уншив.

Түүнчлэн Баянхонгор аймгийн Бууцагаан сум, Ховд аймгийн Манхан сумын төгсөх ангийн сурагчдад МУИС-ийн элсэлтийн дэлгэрэнгүй танилцуулга мэдээлэл, мэргэжил сонголтын тухай зөвлөгөө өгсөн юм.

Энэхүү ажилд Өвөрхангай аймгийн ЕБС-ийн төгсөх ангийн 300 гаруй, 11 дүгээр ангийн 250 орчим сурагч, мөн анги удирдсан багш, эцэг эхийн төлөөлөл зэрэг нийт 600 гаруй хүн оролцсон бол Баянхонгор аймгийн ЕБС-ийн төгсөх ангийн 200 орчим, 11 дүгээр ангийн 250 гаруй сурагч, анги удирдсан багш нар, эцэг эхийн төлөөлөл зэрэг нийт 500 орчим хүн оролцлоо.

Говь-Алтай, Ховд аймагт зохион байгуулсан мэдээллийн өдөрлөгт ЕБС-ийн төгсөх ангийн нийт 600 гаруй, 11 дүгээр ангийн 500 орчим сурагч хамрагдав. Тухайлбал, Ховд аймгийн Дарви, Буянт, Манхан, Мөст сумын ЕБС-ийн захирал, сурагчдын төлөөлөл, Дөргөн, Дуут сумдын багш, сурагчдын төлөөлөл оролцсон юм. Тодруулбал, дөрвөн аймагт зохион байгуулсан элсэлтийн танилцуулга, мэдээлэлд төгсөх ангийн 1100 гаруй сурагч, ахлах ангийн 1000 орчим сурагч, багш, эцэг эхийн төлөөлөл 100 гаруй хүн хамрагдсан байна.

Сурагчид өдрөөс өдөрт өөрчлөгдөн шинэчлэгдэж буй нийгэм, цаг үед боловсролын чиг хандлага хэрхэн хувьсаж, хаашаа чиглэж буйг, энэ эгзэгтэй цаг үед мэргэжлээ хэрхэн зөв сонгох тухай эрдэмтэн багш нарын сонирхолтой лекцийг хүлээн авч МУИС-д элсэхдээ аль бүрэлдэхүүн, салбар сургуулийг сонгож цаашдаа ямар мэргэжлийн хөтөлбөрийг сонгох нь өөрт тохирох, ирээдүйд үнэ цэнтэй байх тухай тодорхой мэдээлэлтэй болов.

Мөн орон нутгийн телевизүүдэд дээрх сэдвийн хүрээнд ярилцлага, тодруулга өгч мэдээллийн хүртээмжтэй байдлыг хангаж, орон нутгийн иргэдэд үнэн бодитой, тодорхой мэдээллийг хүргэсэн юм.


Холбоотой мэдээ