ГОВЬ-АЛТАЙ: Уран бүтээлч Ц.Батдэлгэр "Хувилгаан дүр" үзэсгэлэнгээ дэлгэв
ФОТО МЭДЭЭ
Говь-Алтай, 2025 оны аравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. МУЭ-ийн гишүүн, Говь-Алтай дахь МУЭ-ийн салбар холбооны тэргүүн, МУСТА, уран барималч, аймгийн Жангар музейн сэргээн засварлагч Ц.Батдэлгэр "Хувилгаан дүр" уран бүтээлийн үзэсгэлэнгээ “Жангар” музейд өнөөдөр нээлээ.
Эл үзэсгэлэнг улсын хэмжээнд өрнөж буй “Соёлын орон зай-Бидний орчин” бүтээлч аяны хүрээнд “Соёл түгээе” уриатайгаар дэлгэж буйгаараа онцлогтой.
Нэгэн цагт байгаль дэлхийгээ чимэн амьдарч байсан ан амьтан, түүний эвэр туруун мөр, мөн заг, тоорой мэт мод ургамал бүгд цаг хугацааны урсгалд оршин тогтнож иржээ. Гэвч мөнхийн амьдрал үгүй тул бүх зүйл цаг хугацааны тойрогт хувирч, өөрчлөгдөн ахин төрөхдөө шинэ зүс, өөр дүрээр эргэн ирдэг хэмээх уран санааг “Хуй салхи мэт хувилгаан дүрээр айсуй” бүтээлээр илэрхийлж буй нь энэ ажээ.
Тус үзэсгэлэн сарын турш олны хүртээл болно.













