“Эрчим” баг 6 оноотой хүснэгтийг тэргүүлж байна

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2019-04-23 13:55:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/-ны хамгийн нэр хүндтэй тэмцээн “Мазала” үндэсний дээд лигийн хоёрдугаар тойргийн дөрвөн тоглолт амралтын өдрөөр болж “Эрчим” баг 6 оноотой тэргүүлж эхэлсэн талаар МХБХ-ноос мэдээллээ.

 

“Андууд сити” 2:1 “Хоромхон”

 

Дээд лигийн арвин түүхтэй “Хоромхон” клуб хүссэн тэмцээндээ эргэн ирсэн ч хоёр тойргийн дараах байдлаар хараахан оноо авч амжаагүй явна. “Хоромхон” эхний тойрогт “Улаанбаатар”-т 4:0-ээр, хоёрдугаар тойрогт “Андууд сити”-д 2:1-ээр ялагдал хүлээгээд байгаа юм. Бямба гарагт болсон “Андууд сити”, “Хоромхон” багийн тоглолтын эхний гоолыг Г.Болдбаатар 38 дахь минутад оруулж “Хоромхон” тэргүүлж эхэлсэн. Гэвч “Андууд сити” тэр дундаа довтлогч Э.Мөнгөнбагана тоглолтын төгсгөлд гайхалтай байж 81 болон 89 дэх минутад гоол оруулан, өнгөрсөн жилийн хүрэл медальтнууд энэ улирлын анхны хожлоо авав.

 

“Хаан хүнс титэм” 0:4 “Улаанбаатар сити”


 

Анх удаа үндэсний дээд лигт хөл тавьж, дарийн утаа үнэрлэж буй “Хаан хүнс титэм” клубийн залуус хоёр дахь тоглолтдоо мөн л ялагдлаа. Лигийн хатуу самруудын нэг “Улаанбаатар сити” клубээс Габриэл До Кармо хоёр гоол оруулсан бол шигшээ багийн тоглогч А.Нармандах, бэртлээс эргэн ирсэн О.Оюунбаатар нар тус бүр нэг гоолыг өөрсдийн нэр дээр бичүүлж чадлаа. “Улаанбаатар сити” өнгөрсөн жил МХБХ-ны цомын хүрээнд “Хаан хүнс титэм” клубтэй учраа таарч тоглоод 6:0-ээр хожиж байсан. Үүнийгээ ч бататгаж чадсанаар энэ улирлын анхны гурван оноогоо өөрсдийн болголоо.

 

“Атлетик 220” 2:0 “СП Фалконс”


 

“Атлетик 220” лигийн эхний тоглолтоо “СП Фалконс”-ын эсрэг тоглож 2:0-ээр ялалт байгууллаа. Энэ хоёр багийн тоглолтод одтой тоглогч Н.Наранболд хоёр гоол оруулснаар “СП Фалконс”-ын хаалганд нийт 10 гоол оруулсан гэсэн үзүүлэлттэй болсон юм. “СП Фалконс” гуравдугаар тойрогт “Дэрэн” клубтэй тоглох бол “Атлетик 220”, “Хоромхон”-той тоглох хуваарьтай байна.

 

“Улаанбаатар” 2:4 “Эрчим”

 

“Мазала” үндэсний дээд лигийн хоёрдугаар тойргийн оргил тоглолт ням гарагийн 13 цагт “Улаанбаатар”, “Эрчим” багийн хооронд боллоо. Өнгөрсөн жилийн алт, мөнгөн медальтнуудын тулаанд нийт зургаан гоол оруулж үзэгчдийг суудлаас нь өндөлзүүлсэн юм. Үндсэн цагийн дөрөв дэх минутад "Эрчим" клубийн Япон легионер Хаято Вакино гоолын салхийг хагалав. Өнгөрсөн жил мөнгөн медаль хүртсэн амжилтаа энэ улиралд ахиулахыг зорьж байгаа "Улаанбаатар" клубээс Ц.Мөнх-Эрдэнэ 31 дэх, Оцу Казутака 24 дэх минутад гоол оруулан багтаа тэргүүллийг авч ирсэн ч энэ давамгайлал дөрвөн минут л үргэлжиллээ. "Эф Си Улаанбаатар" багийн бүрэлдэхүүнээс Монголын хөлбөмбөг дэх замналаа эхлүүлсэн Япон довтлогч Мотохиро Канаширо 28 дахь минутад гоол оруулж, "Эрчим" клуб тооны харьцааг тэнцүүлсэн. Дархан аваргуудын гоолын цуврал үүгээр зогссонгүй Хаяато Вакино 40 дэх, М.Төгөлдөр 83 дахь минутад тус тус гоол оруулснаар "Эрчим" клуб хүчтэй өрсөлдөгчөө 2:4-өөр хожлоо.

Холбоотой мэдээ