П.Порошенког ялагдалд хүргэсэн шалтгаанууд

Монголын мэдээ | Тойм
adiyakhuu@montsame.mn
2019-04-24 12:21:45

Украины Ерөнхийлөгчийн сонгуулийн 2 дахь шатанд хошин шогч Владимир Зеленский ялна гэдэг нь санал асуулгуудын дүнгээр тодорхой байсан боловч тэрбээр одоогийн Ерөнхийлөгч Петр Порошенког хол тасархай орхиж, түүнээс 50 хувийн илүү санал авсан нь ажиглагчдын гайхшралыг төрүүллээ.


Нийт саналын хуудасны 99,85 хувийг тоолсны дараах байдлаар В.Зеленский сонгогчдын 73,22 хувийн саналыг авч үнэмлэхүй ялалт байгуулсан бол түүний өрсөлдөгч П.Порошенког сонгогчдын 24,46 хувь нь дэмжжээ. Украин улсын түүхэнд нэр дэвшигчдийн саналын тооны зөрүү хэзээ ч ийм их байгаагүй юм.  Жишээ дурдахад, 1999 оны сонгуульд Леонид Кучма 56,2 хувийн санал авч, Коммунист намаас нэр дэвшсэн Леонид Симоненког бараг 20 хувиар илүүрхэн ялж байжээ. Ер нь бол, Европын орнуудад ийм өндөр хувиар сонгуульд ялалт байгуулах нь ховор үзэгдэл бөгөөд Зеленскийн ялалтыг 2018 оны 3 дугаар сард Оросын удирдагч В.Путин 76,67 хувиар сонгуульд ялж байсантай зүйрлэж болохоор.


Шинэчлэлийн бэлгэ тэмдэг болж байсан Порошенко 2014 оны сонгуулийн эхний шатанд 9 сая хүний саналаар ялалт байгуулж байсан бол энэ удаад түүнийг 3-хан сая хүн дэмжсэн нь улс төрчийн хувьд “сүйрэл” гэсэн үг юм.


Европын хамгийн ядуу улс


Порошенког ялагдалд хүргэсэн нэг шалтгаан бол ядуурал ажилгүйдэл. ЗХУ задарсны дараа Украин улс тусгаар тогтносноос хойших сүүлийн 27 жилийн хугацаанд украинчуудын ихэнх нь ядуу тарчиг амьдралыг туулсаар иржээ. Олон улсын валютын сангийн мэдээлэлд дурдсанаар бол, нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээгээр /3095 доллар/ Украин улс Европ тивийн хамгийн ядуу орон болон хувирсан байна. Тэр тусмаа Порошенкогийн үед буюу сүүлийн 5 жилийн хугацаанд ихэнх украинчуудын орлого /доллароор тооцсон/ 2 дахин буурсан нь бодит баримт. Зүүн Украинд явуулж буй байлдааны ажиллагааны улмаас төсвийн алдагдал өссөн, Донбассын аж үйлдвэрийн районы заримыг алдаж, Оростой тогтоосон эдийн засгийн хэлхээ холбоо тасалдсан, Крымыг оросууд өөртөө нэгтгэсэн зэрэг шалтгаанаас үүдэн ард иргэдийн амьжиргаа улам доройтсоор. Нийтийн аж ахуйн үйлчилгээний үнэ хөлс хэт өндөр байгаа нь олон нийтийн дургүйцлийг хүргэсээр.

Гэтэл Порошенкогийн орлого нь байнга өссөөр өнгөрсөн онд 57 сая долларт хүрч, хотуудын гудамжинд “Рошен” гэдэг дэлгүүрийн сүлжээ өргөжсөөр байсан нь хүмүүсийн нүдэнд хамгийн түрүүнд тусч, тэднийг зэвүүцлийг хүргэж байсан нь илт.  Үүний тод жишээ бол, Порошенкогийн хүчин чармайлтын үр дүнд украинчууд Шенгений орнуудад визгүй зорчдог болсныг ашиглан ядууралд автсан иргэд үй олноороо гадаадад гарч ажил хийх болжээ.


Оросын эсрэг хийрхэл


Порошенко сонгуульд өвдөг шороодсон нь түүний явуулж байсан Оросыг үзэн ядах бодлогоос Украины ард иргэд залхсаныг харуулж байна гэж улстөрч Виктор Медведчук дүгнэлээ.


Порошенкогийн сонгуулийн штабынхан иргэдийн санаа бодлыг Оросын эсрэг чиглүүлэхийн тулд Порошенко, Путин нарын бие биен рүүгээ муухай харж буй зургаар сурталчилгааны самбар хийж, Украин даяар өлгөжээ. Гэвч сонгогчид үүнд нь таагүй хандсан учраас самбаруудыг буулгасан боловч Порошенкогийн пиарчид оронд нь ямар нэгэн зүйлийг шинээр сэдэж чадалгүй байсаар 21-ний өдөртэй золгожээ. Оросын эсрэг үндсэрхэг үзэлтэй украинчуудыг өөртөө татах гэсэн Порошенкогийн энэ мэт оролдлого нь тодорхой тооны сонгогчдын санаанд нийцсэн боловч эцсийн дүндээ маш олон хүнийг түүнээс хөндийрүүлсэн нь үнэн. Өөрөөр хэлбэл, ард иргэдийнхээ санаа бодлыг харгалзалгүйгээр хэт милитарист дайнч бодлого явуулсан нь түүний алдаа байж.

Үүнтэй холбоотой нэгэн жишээг дурдахад, өнгөрсөн оны сүүлчээр Керчийн хоолойд дэгдсэн будлианы үеэр Оросын хилчид Украины байлдааны хөлөг онгоцуудыг саатуулж, усан цэргүүдийг нь олзлох үед Порошенко улс оронд дайны байдал тогтоох асуудлыг хөндөн ярьж байв. Гэтэл түүний энэ алхмыг украинчуудын ердөө 1/3 нь дэмжсэн бол дайны байдал тогтооно гэдэг нь Ерөнхийлөгчийн сонгуулийг хойшлуулах гэсэн Порошенкогийн арга мэх гэж 2/3 нь үзжээ.


Донбассын дайн сунжирсан нь


Ялагдлын бас нэгэн шалтгаан бол Донбасст 5 жилийн турш сунжирсаар буй иргэний дайн. Украины зүүн нутагт явуулж буй терроризмын эсрэг ажиллагаа гэгддэг уг дайн 2-3 сар үргэлжлэхгүй ээ, хэдхэн цагийн дараа дайныг дуусгана гэж Порошенко сонгуульд ялсныхаа орой хэлсэн байдаг. Гэвч түүний амлалт огт хэрэгжээгүй бөгөөд дайн олон жил сунжирч байгаад украинчууд илт дургүйцэх болжээ. Улмаар өнгөрсөн оны зун Порошенко нийгэмд хэтэрхий их хүлээлт үүсгэсэндээ олон нийтээс уучлал гуйж байв.  


Амлалтаа биелүүлдэггүй Порошенко, Тимошенко зэрэг лидер улстөрчдөөс залхаж гүйцсэн украинчууд улс төрийн өнөөгийн тогтолцоог эсэргүүцэж байгаагаа илэрхийлэхийн тулд хошин шогийн жүжигчин Зеленскийд саналаа өгсөн гэж дүгнэж болно. Францын Гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан Жан-Пьер Шевенманы үзэж байгаагаар бол, украинчууд Донбассын иргэний дайн ба авлигаас залхсан нь Порошенкогоос нүүр буруулж, Зеленскийд санал өгөх болсон гол шалтгаан ажээ.


19-ний өдөр Киев хотын “Олимпийский” цэнгэлдэх хүрээлэнд болсон халз ярилцлагын үеэр Порошенко өрсөлдөгчийнхөө сул талыг хөндөн буулгаж авахын тулд  “энэ хүн зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн үүргийг гүйцэтгэхэд илт туршлага дутна” гэж хэлсний хариуд Зеленский “та үнэхээр сайн командлагч юм бол яагаад бид одоо болтол дайнд ялж чадахгүй байна вэ?” хэмээн амыг нь таглажээ.  


Тэрбээр Ерөнхийлөгч болсон даруйдаа эн түрүүнд Донбассын мөргөлдөөнийг энхийн замаар зохицуулахын тулд Минскийн хэлэлцээрийн үйл явцыг дахин сэргээнэ, Оросын талд олзлогдсон Украины тэнгисийн цэргүүдийг чөлөөлж, эх оронд нь авчирна гэх зэрэг амлалтуудыг өгсөн байна.


Авлигын эсрэг тэмцэлд ахиц гарсангүй


Авлигатай тэмцэхийн тулд Авлигатай тэмцэх үндэсний товчоо, Авлигатай тэмцэх тусгай прокурорын газар, Авлигатай тэмцэх үндэсний агентлаг, Авлигын эсрэг шүүх зэрэг газруудыг байгуулсан нь миний гавьяа гэж Порошенко байнга ярьдаг.


Гэтэл эдгээр байгууллага нь үр дүн муутай ажиллаж байгааг иргэний нийгмийн хөдөлгөөнийхөн шүүмжилсээр иржээ. Порошенкогийн нэр хүнд унасан нь шүүхийн шинэчлэл, авлигатай тэмцэх арга хэмжээнүүд иргэдийн санаанд хүртэл хэрэгжээгүйтэй холбоотой гэж ажиглагчид дүгнэж байна. Ялангуяа ерөнхийлөгчийн ойрын хүрээллийн хүмүүс авлигын хэрэгт холбогдох үед дээрх байгууллагуудын үйл ажиллагааны эрч “эрс саардаг байна. Үүнтэй холбоотой нэгэн хэргийг эрэн сурвалжлах сэтгүүлчид илрүүлж, энэ оны 2 дугаар сард нийтлэл бичсэн нь Порошенкогийн нэр хүндийг навс унагажээ. Учир нь, Порошенкотой хамтран бизнес хийж байгаад дараа нь Үндэсний аюулгүй байдлын нарийн бичгийн даргын орлогчоор томилогдсон Олег Гладковский гэгч нь батлан хамгаалахын салбарт нүүрлэсэн авлигын сүлжээнд холбогдсоныг сэтгүүлчид мөрдлөг явуулах явцдаа тогтоосон байна.  


Эрх баригчид эхэндээ Гладковскийг өмгөөлж байсан боловч олон нийтийн шахалтаар түүнийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргах төдийхнөөр асуудлыг шийджээ. Гэтэл Порошенко “армиас хулгай хийж байгаа хүмүүсийн гарыг нь тас цавчина” гэж мэдэгдэж байсан билээ.


Сонгуулийн эхний үе шатны санал хураалтын дараа Порошенко иргэний нийгмийнхэнтэй уулзах үеэрээ “батлан хамгаалахын салбарт бий болсон авлигын сүлжээний талаар мэдээгүй” гэдгээ хэлээд боловсон хүчнийг сонгохдоо нэлээд хэдэн алдаа хийснээ хүлээн зөвшөөрсөн байна.    


Туршлага муутай байдал нь давуу тал болж хувирсан нь   


Хэрвээ Тимошенко нарын зэрэг улс төрийн акулуудтай өрсөлдсөн бол Порошенко ялах магадлал өндөр байсан. Учир нь, улстөрч бүр нэр хүндээ ямар нэгэн хэмжээгээр алдаж, “но”-той байдаг учраас өрсөлдөгчийнхөө сул талыг ашиглан түүнийг унагах нь улс төрд бол энгийн үзэгдэл билээ. Харин улс төрийн өөрчлөлтийг хүссэн, хуучин улстөрчдөөс залхсан Украины олон нийтийн хүлээлт найдварыг тээж буй Зеленскийгээс ямар нэгэн өө сэв олох нь маш хэцүү.


Порошенкогийн багийнхан Зеленскийг “улс төрийн туршлагагүй” гэж гоочилж байсан боловч энэ нь Зеленскийн хувьд эсрэгээрээ давуу тал болж хувирсан байна. Зеленский нийгмийн сүлжээнүүдийг ашиглан кампанит ажлаа явуулж, дүрс бичлэгийн роликоор сонгогчидтойгоо харилцаж, “Энэ бүгдийг хамтдаа хийцгээе”, “Хавар ирлээ-Үрээ суулгая”, “Хэн хаанаас юу хулгайлсныг хаврын улирал хэлээд өгнө” гэх мэт тун энгийн үг хэллэгтэй уриа лоозонгууд дэвшүүлж байлаа. Харин үүний эсрэг Порошенкогийн багийнхан ямар ч сонин содон зүйл сэдэж чадсангүй.

Тэд эцэст нь хэд хэдэн гадаад хэл мэддэг, илтгэх урлагийг сайтар эзэмшсэн Порошенкогийн давуу талыг товойлгон харуулахын тулд халз мэтгэлцээн зохион байгуулав. Гэвч хэл яриа муутай, хэлэх гэсэн санаагаа илэрхийлж чаддаггүй хэмээн шүүмжлүүлдэг Зеленский “Олимпийский” цэнгэлдэхэд болсон халз мэтгэлцээний үеэр санаснаас хавьгүй илүү байж чадлаа.


Дараагийн удаад бид В.Зеленскийн хэрэгжүүлэх гэж буй улс төрийн бодлогын талаар тусад нь дэлгэрэнгүй тойм бэлтгэн нийтлэх болно.


Б.Адъяахүү

Эх сурвалж: ввс.сом

Холбоотой мэдээ