В.Путин, Ким Жөн Ун нар хоёр талын харилцааг сайжруулах амлалт өгчээ

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2019-04-25 14:01:24

ВЛАДИВОСТОК. /BBC/. БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар анхны дээд хэмжээний уулзалтынхаа үеэр хоёр талын харилцааг сайжруулах амлалт өгсөн байна.


Хоёр орны удирдагчид ОХУ-ын Алс Дорнодын Владивосток хотоос холгүй орших Русский арал дээр гар барин уулзжээ.


Кремлийн мэдээлснээр, В.Путин, Ким Жөн Ун нар цөмийн зэвсгээс ангижрах асуудлыг хэлэлцэх төлөвтэй байгаа хэдий ч БНАСАУ-ын удирдагчийн хувьд АНУ-ын Ерөнхийлөгчтэй хийсэн хэлэлцээ бүтэлгүйтсэнтэй холбоотойгоор дэмжлэг эрэлхийлэх төлөвтэй байна.


Ханой хотноо зохион байгуулсан АНУ-БНАСАУ-ын удирдагчдын уулзалтын үеэр БНАСАУ-ыг цөмийн зэвсгээс ангижруулах талаар тохиролцоонд хүрч чадаагүй билээ.


ОХУ, БНАСАУ-ын удирдагчид уулзалтын эхэнд хоёр орны харилцаа олон жилийн түүхтэйг онцлоод, В.Путин Солонгосын хойгийн хурцадмал байдлыг намжаахад хувь нэмрээ оруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.


“Таны ОХУ-д хийж буй өнөөдрийн айлчлал Солонгосын хойг дахь нөхцөл байдлыг хэрхэн зохицуулах хийгээд энэ чиглэлд ахиц дэвшил гаргахад ОХУ ямар дэмжлэг үзүүлэхийг тодорхойлно гэдэгт итгэлтэй байна” гэж В.Путин хэлжээ.


Үүний хариуд Ким Жөн Ун, энэхүү уулзалт нь олон жилийн түүхтэй, найрамдалт харилцаатай хоёр орны харилцааг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулна хэмээн найдаж буйгаа илэрхийлсэн байна.


БНАСАУ-ын удирдагчийг лхагва гарагт ОХУ-д хүрэлцэн ирэх үед тус улсын төлөөлөгчид халуун дотноор угтан авсан юм. 

Холбоотой мэдээ