Орос, Хятадын хамтын ажиллагааг олон улсын харилцааны жишиг хэмээн нэрлэжээ

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2019-04-26 14:14:50

БЭЭЖИН. /TASS/. Орос, Хятадын худалдааны эргэлт 2018 онд 108 тэрбум ам.долларт хүрчээ. Хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцаа төлөвлөж байснаас илүү амжилттай хөгжиж байна гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгджээ. Энэ тухай тэрбээр БНХАУ-ын дарга Си Жиньпинтэй өрнүүлэх Орос, Хятадын яриа хэлэлцээг эхлүүлж үг хэлэхдээ мэдэгдсэн байна.


“Бидний хамтын ажиллагаа урьд өмнө нь байгаагүй өндөр түвшинд хүрч, олон улсын харилцаа яаж бий болох ёстойн үлгэр жишээ боллоо. 2018 оны эцсээр худалдааны эргэлт 24.5 хувиар нэмэгдэж, 108 тэрбум ам.долларт хүрсэн нь дээд амжилт болсон юм. Өнгөрсөн онд худалдааны эргэлтийг 100 тэрбум ам.долларт хүргэхээр төлөвлөж байсан билээ” хэмээн В.Путин мэдэгдсэн байна.


Түүнчлэн тэрбээр “Бүс ба зам” санаачилгын талаар ярихдаа “Бүс ба зам” санаачилга нь дэлхийн шинжтэй, тун цаг үеэ олсон, амжилттай санаачилга бөгөөд олон улсын харилцааг бий болгох зарчмуудыг тогтоож, өнөө үед хэрэгцээтэй байгаа эдийн засгийн харилцаа холбооны хэм хэмжигдэхүүнүүдийг тогтоож эхэлж байна. Ийм учраас дэлхий дахинд энэхүү санаачилга нь ихээхэн дэмжлэг авч байгаа юм” гэжээ.


Орос, Хятадын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой энэ онд тохиож буйг В.Путин онцлон тэмдэглээд Си Жиньпинд хандан түүнийг төрийн айлчлал хийнэ гэж найдаж байгаагаа илэрхийлэхийн сацуу энэхүү айлчлал нь хоёр улсын харилцаанд чухал үйл явдал болно гэж үзэж байгаагаа мэдэгдсэн байна.

 

Холбоотой мэдээ