Бичиг үсгийн баяр “Үндэсний бичиг үсэг-тусгаар тогтнол” уриан дор эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-05-03 14:35:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эдүгээ 16 дахь жилдээ зохион байгуулж буй “Үндэсний бичиг үсгийн баяр-2019”-ын нээлт “Үндэсний бичиг үсэг-тусгаар тогтнол” уриан дор Монголын Үндэсний номын сангийн өмнөх талбайд өнөөдөр эхэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105 дугаар зарлиг, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, эх хэл, бичиг үсэг, түүх, соёлын дурсгалаа судлах, хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилгоор бичиг үсгийн баярыг улс даяар энэ сарын 8-ныг хүртэл зохион байгуулах юм.


Үндэсний бичиг үсгийн баярыг нээж БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг хэлэхдээ, “Жил бүрийн тавдугаар сарын эхний долоо хоногт “Үндэсний бичиг үсгийн баяр”-ыг улс орон даяар өргөн дэлгэр тэмдэглэдэг сайхан уламжлал тогтож, жилээс жилд өргөжиж байна. Төрөөс Монгол хэлний тухай, Номын сангийн тухай анхны хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийг тус тус соёрхон баталсан нь хос бичигтэн улс болох бэлтгэл ажлыг хангах, монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх, соёлын өвийг хадгалах, хамгаалах, судлах, сурталчлан дэлгэрүүлэх, ашиглах өргөн боломжийг нэмэгдүүлсэн юм. Иймээс бичиг үсгийн баярыг улсын хэмжээнд тэмдэглэх ажил нь Төрөөс соёлын талаар баримталж буй бодлого, салбарын хуулийн хэрэгжилтийг сайжруулах, сурталчлах чухал ач холбогдолтой юм” гэв.

Энэ жил Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар нь Үндэсний номын сан,  Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Хүүхдийн төв номын сан, Улаанбаатар хотын нийтийн төв номын сан, МУИС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбар, “Бичиг соёл” боловсролын төв, аймаг орон нутгийн номын сангууд зэрэг боловсрол, соёлын байгууллагууд хамтран нэгдсэн төлөвлөгөөний дагуу зохион байгуулж байна.

Нээлтийн үеэр, БСШУСЯ-ны “Үндэсний бичиг соёлыг дэлгэрүүлэгч” шагналаар СБД-ийн Ертөнц сургуулийн монгол хэл уран зохиолын багш С.Цэнгэл, Монголын Хүүхдийн ордны захирал Б.Цэнгэлмаа, Хүүхдийн төв номын сангийн захирал Д.Оюунбилэг, МҮОНРТ-ийн түүхэн өв уламжлалын редакцийн сэтгүүлч Ч.Батбаяр, чөлөөт уран бүтээлч, дизайнер Г.Ганзориг нарыг шагнаж урамшуулав. Шагналыг УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг гардуулж, монгол бичгийг түгээн дэлгэрүүлэх үйлст нь амжилт хүссэн юм.

Мөн энэ үеэр Үндэсний номын сангийн нэрэмжит “Ном цом” шагналаар Хөвсгөл аймгийн нийтийн номын сангийн хамт олныг шагнаж урамшуулав. Монгол Улсын номын сангийн шинжлэх ухааны салбарыг хөгжүүлэх үйл хэрэгт баг хамт олноороо идэвх зүтгэл гарган ажиллаж 2018 оны “Шилдэг нийтийн номын сан”-гаар шалгарсан тул энэхүү шагналыг олгожээ.

Бичиг үсгийн баярын хүрээнд аймаг, нийслэлийн боловсрол, соёлын байгууллагууд  хамтран монгол бичиг үсэг, өв соёлоо сурталчилсан 120 гаруй   төрөлжсөн уралдаан тэмцээн, эрдэм шинжилгээний хурал, уулзалт, ярилцлага, сургалт, монголчуудын бичиг үсгийн соёл,  уламжлалыг харуулсан цуврал үзэсгэлэнг олон нийтэд зориулан зохион байгуулахаар төлөвлөжээ.


Холбоотой мэдээ