“Сүхбаатар хөгжил” ҮТП-ийн үйл ажиллагааг ХХААХҮЯ дэмжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2019-05-07 10:19:23

Сүхбаатар /МОНЦАМЭ/. “Сүхбаатар хөгжил” үйлдвэрлэл технологийн парк /ҮТП/-ийн үйл ажиллагааг хэрхэн үргэлжлүүлэх, эрчимжүүлэх асуудлаар ХХААХҮЯ-ны холбогдох газрын дарга нар болон аймгийн удирдлага, тэргүүлэгчид хэлэлцлээ. Аймгийн ЗДТГ, ИТХ харилцан ойлголцож, нэгдсэн нэг ойлголт, бодлоготой болбол яамны зүгээс ҮТП-ийн үйл ажиллагааг бүх талаар нь дэмжихэд бэлэн гэдгээ илэрхийллээ. 

Хэлэлцээрт ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн газрын дарга Б.Батхүү, Хүнсний үйлдвэрийн газрын дарга Г.Гантогтох, ЖДҮ хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Эрдэнэсайхан, аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатар болон аймгийн  ИТХ-ын тэргүүлэгчид оролцсон юм.

ҮТП байгуулсан цагаасаа хойш хоёр жилийн хугацаанд үр дүнгүй ажилласан гэдгийг ИТХ-ын зарим тэргүүлэгчид шүүмжилсэн. Татан буулгах саналыг ч өмнө нь гаргаж байсан. Холбогдох албаныхан удаан хэлэлцсэний дүнд цаашид шаардлагатай тооцоо судалгааны ажлыг маш сайн хийж, дахин энэ талаар хэлэлцэх шийдэлд хүрсэн юм.

Аймгийн ЗДТГ, ИТХ-тай ойлголцолд хүрч, нэгдсэн нэг бодлоготой, нэгдмэл ойлголттой болчихвол яамны зүгээс бүх талаар дэмжиж, хамтран ажиллахад бэлэн. Ер нь цаашдаа үйлдвэрлэл технологийн парк Сүхбаатар аймагт байж, эрчимтэй хөгжөөсэй гэсэн хатуу итгэл үнэмшил, байр суурьтай байгаагаа ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан онцолсон. Ажлын хэсэгт багтсан ХХААХҮЯ-ны холбогдох газрын дарга нар ч үүнтэй санал нэг байлаа.  


ЖДҮ хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Эрдэнэсайхан

Аймаг орон нутгийн удирдлагууд хоорондоо ойлголцон үйлдвэр технологийн паркийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн эрчимжүүлэх нь зөв гэж үзэж байна. Сүхбаатар аймаг олон жил үйлдвэр гэж ярьж байгаа. Тиймээс босгоод авсан зүйлээ үргэлжлүүлэн, нэгдсэн нэг бодлоготойгоор хөгжүүлж, үүнийхээ үр дүнг үзэх ёстой. ҮТП жинхэнэ утгаараа ажиллахын хэрээр орон нутагт ажлын байр бий болж, олон ААНБ, гэр бүлд орлого орж ирэх юм. Энэ бол хөгжлийн гол үндэс.

Хөнгөн үйлдвэрийн газрын дарга Б.Батхүү

Аливаа юмыг хийхэд хүндрэл бэрхшээл тулгарна. Гэхдээ хэцүү гээд орхилгүй хийж эхэлнэ гэдэг өөрөө маш том давуу тал. Гол нь цаашид паркийн үйл ажиллагааг жигдрүүлэх, эрчимжүүлэхийн тулд мэргэжлийн боловсон хүчнээр хангаж, судалгаа тооцоонуудыг маш сайн хийх ёстой. Орон нутаг ҮТП-тай байж тэнд үйлдвэрлэл жинхэнэ утгаараа хөгжинө. Тиймээс цаашид энэ ажлыг үргэлжүүлэх хэрэгтэй гэж үзэж байна. ҮТП-ийн эрх зүйн байдлын тухай хуулийг УИХ-аар хэлэлцэхээр бэлтгэж байгаа. Энэ хууль батлагдвал ҮТП-д орсон үйлдвэрлэл эрхлэгчид маш том давуу талуудыг эдлэх боломжтой болно гэв.

“Сүхбаатар хөгжил ҮТП орон нутгийн өмчит үйлдвэрийн газар шинэ, дэвшилтэт технологи нэвтрүүлэх, дамжуулах, нутагшуулах замаар жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, улмаар экспортыг дэмжих, импортыг орлох үйлдвэрлэлийг бий болгох, өрхийн үйлдвэрлэлийг дэмжих юм.

Үйл ажиллагааны чиглэлээ  гурван бүсэд зохион байгуулах бөгөөд үйлдвэрлэл технологийн паркийн нэгдүгээр бүсэд сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэр, махан болон малын дайвар бүтээгдэхүүний үйлдвэр, төмс хүнсний ногооны механикжсан зоорь, өвөл, зуны хүлэмж, ногоог даршлах, савлах, хатаах үйлдвэр, оёдлын үйлдвэр, импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэр бизнес инкубатор төв байгуулахаар төлөвлөөд байна.

Харин хоёрдугаар бүсэд мах боловсруулах, ноос, ноолуур угаах самнах үйлдвэр, арьс шир боловсруулах үйлдвэр, өлөн боловсруулах үйлдвэр, малын болон монгол гэрийн тоног хэрэглэл, гар урлалын бүтээгдэхүүний чиглэлийн бизнес инкубатор төв, ложистик төв байгуулахаар төлөвлөж, энэ бүсийн үйлдвэрүүдэд гадаадын хөрөнгө оруулагчдыг оролцуулахаар төлөвлөж байна.

Үйлдвэрлэл технологийн паркийн гуравдугаар бүсэд эрчимжсэн фермер, тахиа, гахайны аж ахуй, малын тэжээлийн үйлдвэр болон ажилчдын байр, мал эмнэлгийг барихаар төлөвлөөд буй.

 

Холбоотой мэдээ