Ардын засгийн анхны удирдлагуудын хэрэглэж байсан эд зүйлс Сэлэнгийн музейд хадгалагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-05-09 10:43:51

Сэлэнгэ /МОНЦАМЭ/Сэлэнгэ аймгийн Нэгдсэн музей нь 3500 гаруй үзмэртэй аж. Эдгээрийн дотроос 500-гаад мянган жилийн тэртээ Монгол нутагт хүн амьдарч байсныг гэрчлэх эртний хүний яс, 2200-гаад жилийн тэртээх Хүннү гүрний түүх соёлын дурсгалт зүйлс, МЭ-ний 700-гаад оны үеийн Түрэгийн хүн чулуу хөшөө, 13-р зууны үеийн Монгол цэргийн хөө хуяг, сэлэм, 16-17-р зууны үед Анхдугаар богд Занабазарын урласан Майдар бурхан, Жанрайсэг бурхан зэрэг монголчуудын түүх соёлын хосгүй үнэт зэрэглэлийн олон арван үзмэр байдаг ажээ. 


Мөн тус музейд Богд хаант Монгол Улсын Түшээт хан аймгийн Эрдэнэвангийн хошууны  засаг ноён Чингис хааны 35 дахь үеийн ач Эрдэнэ чин ван Намсрай, Монголын Ардын журамт цэргийн жанжин Д.Сүхбаатар, дэд жанжин Х.Чойбалсан, Лаварын Сумьяа, Монголын ардын хувьсгалын дараа хамгийн түрүүнд үүсч байгуулагдсан засаг захиргааны анхны нэгж Алтанбулаг хязгаарыг тохинуулах яамны анхны сайд гүн Намсрайн Билэгсайхан нарын эдэлж хэрэглэж байсан дээл, гутал, зэвсэг зэрэг олон сонин сайхан үзмэрүүд хадгалагдаж байдаг байна. Ингээд зарим үзмэрүүдээс толилуулья.

Улсын бага хурлын дарга, партизан Г.Бумцэндийн хэрэглэж байсан мөнгөн үзэг болон мөнгөн бэхний сав

Ардын түр засгийн газрийн хэрэглэж байсан утас

Жанжин Д.Сүхбаатарын хэрэглэж байсан сар, гараг, өдөр гардаг механик цаг

Улсын бага хурлын дарга, партизан Г.Бумцэндийн хэрэглэж байсан гутал

Жанжин Д.Сүхбаатарын хэрэглэж байсан сандал

Маршал Х.Чойбалсангийн хэрэглэж байсан хантааз

Холбоотой мэдээ