Харри, Меган нар хүүгийнхээ нэрийг олон нийтэд танилцуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-05-09 10:32:30

ЛОНДОН. /CNN/. Их Британийн хунтайж, Сассексийн гүн Харри болон гүнгийн ахайтан Меган нар саяхан мэндэлсэн хүүдээ Арчи Харрисон Маунтбэттен-Виндзор хэмээх нэрийг хайрласан байна.


Сассексийн гүн болон гүнгийн ахайтан нар лхагва гарагт хүүгийнхээ анхны зургийг олон нийтэд дэлгэснээс хойш хэдхэн цагийн дараа түүний нэрийг “Instagram” хуудсаараа дамжуулан танилцуулжээ.


Шинээр мэндэлсэн хүүхдэд нэр өгөх дүрэм язгууртнуудын дунд байдаггүй боловч Их Британийн язгууртны гэр бүлүүдийн хувьд өвөг дээдсийнхээ нэрийг хүндэтгэн өгөх нь түгээмэл байдаг юм.


Харри, Меган нарын анхны хүүхэд хүү байвал язгууртны гэр бүлийн түгээмэл нэр болох Артур, Эдуард эсвэл Харригийн өвөөгийн нэр болох Филипп хэмээх нэрийг өгч магадгүй хэмээн ажиглагчид таамаглаж байсан билээ.


“Тэд язгууртны уламжлалт нэрийн оронд өөрсдийнхөө дуртай нэрийг сонгосон” гэж “CNN” сувгийн язгууртны гэр бүлийн мэдээг сурвалжлагч Макс Фостер хэлжээ.


Арчи гэдэг нь “жинхэнэ”, “зоригтой” хэмээх утгатай бөгөөд Их Британиас илүү АНУ-д түгээмэл байдаг нэр ажээ. Түүнчлэн энэхүү нэр нь эхэндээ Арчибалд гэдэг нэрийн товчлол байсан боловч өнөө үед дангаар нь нэрлэхийг илүүд үздэг болсон байна. 

Холбоотой мэдээ