Д.Марадонагийн “Алтан бөмбөг” цомыг үнэ хаялцуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2024-05-10 15:20:57

ПАРИС, 2024 оны тавдугаар сарын 10 /CNN/. Аргентины алдарт хөлбөмбөгч Диего Марадонагийн Алтан бөмбөг цомыг ирэх сард дуудлагаар худалдахаар болжээ. 1986 оны хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний /ДАШТэнэ цомыг алга болсон хэмээн олон жилийн турш тооцож байсан юм.


ДАШТ-ий шилдэг тоглогчдод гардуулдаг энэхүү цомыг домогт хөлбөмбөгчний гялалзсан замналыг харуулах дурсгалт эд зүйлийн нэг болгож, ирэх зургаадугаар сарын 6-нд Парисын “Aguttes дуудлага худалдааны ордонд үнэ хаялцуулах бөгөөд олон сая ам.долларын үнэ хүрэх төлөвтэй байна.


Түүний 1986 оны тэмцээнд оролцож байхдаа өмсөж байсан Аргентины шигшээ багийн өмсгөл 2022 онд 9.3 сая доллароор зарагдаж, спортын дурсгалт эд зүйлсийн дуудлага худалдааны дээд амжилтыг эвдсэн бол шөвгийн наймд Английн эсрэг хийсэн тоглолтын үеэр “Бурхны гар”-аар оруулсан гэгддэг бөмбөг өнгөрсөн онд 2.4 сая долларын үнэ хүрч байв.


Д.Марадона 1986 оны ДАШТ-ий үеэр англичуудтай хийсэн тоглолтын үеэр “Бурхны гар гэгддэг алдартай гоолоо оруулж, дараа нь эсрэг багийн хэд хэдэн тоглогчийг хуурснаар хожим “Зууны гоол” гэж нэрлэгдсэн гоолоо оруулж байсан түүхтэй. Энэ хоёр гоолыг тав хүрэхгүй минутын зайтай оруулсан бөгөөд 2020 онд мөнх бусыг үзүүлсэн Аргентин одын гайхамшигт ур чадвар, суут ухааныг бүрэн дүүрэн илэрхийлдэг.


Аргентины шигшээ баг тус тэмцээний финалд Баруун Германыг 3:2 харьцаагаар буулган авснаар аргентинчуудын  хүртсэн гурван цомын хоёр дахийг нь өргөж байлаа.


 


Холбоотой мэдээ