С.Дашдаваа: Тарьц суулгацынхаа чанарт анхаарч ажиллаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны иргэн С.Дашдаваа гуай бол "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг дэмжигчдийн нэг юм. Бүх нийтээр мод тарих өдрөөр түүнээс цөөн асуултад хариулт авав.
-Та хэдэн оноос эхлэн мод тарив?
-Манай гэр бүлийн хүн бид хоёр ойн инженер мэргэжилтэй. Би төрийн албан хаагч байж байгаад, 2014 онд гавьяаныхаа амралтад суусан. Тэр цагаас хойш гэр бүлээрээ “Төгөл” нэртэй мод үржүүлгийн газрын үйл ажиллагаа эрхэлж байна. Ер нь бол манайх 1991 оноос мод тарьсан айл. Улмаар 1997 онд мод үржүүлгийн газар болгож өргөтгөсөн юм.
2021 онд Ерөнхийлөгч “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний зарлахдаа мод үржүүлгийн газарт маань ирж, үйл ажиллагаатай нь танилцаж байлаа. Ерөнхийлөгч энэ ажлаа өргөтгөж хий хэмээн зөвлөсөн. Тэр үед 400-500 мянган суулгац бэлдэж, ойжуулалт эрхэлдэг газруудад нийлүүлдэг байсан. Одоо жилд 1 сая суулгац гаргадаг боллоо.
-Иргэд танайхаас хэр их тарьц суулгац авч байна вэ?
-Нэг сая суулгацынхаа 60-70 хувийг ойжуулалтад шилжүүлдэг. Доройтсон ойг ойжуулдаг аж ахуй нэгжүүд манайхаас тарьц суулгацаа авдаг гэсэн үг. Гол нь шинэс, нарс. Үлдсэнийг нь хүссэн захиалсанд өгчихдөг.
-Танд үржүүлгийн газрынхаа үйл ажиллагааг өргөжүүлье гэх бодол байна уу?
-Манай мод үржүүлгийн газар бол улсдаа жишигт орно. Технологийг сайн барьдаг. Технологийг сайн барихгүй бол чанар муутай тарьц суулгац гарна. Энэ нь цаагуураа худалдан авч буй хүмүүсийг хуурсан хэрэг болно. Баахан мөнгө төгрөг гаргаж тарьц суулгац авдаг, нөгөөх нь очоод ургахгүй. Цаг заваа үрнэ. Эцэстээ "Мод тарихаар ургадаггүй юм билээ" гэсэн ойлголт хүмүүст үлдэнэ. Тиймээс чанартай тарьц суулгац гаргахад анхаарлаа хандуулж байна. Ер нь энэ хэмжээнд нь барина гэсэн бодолтой байгаа. Нэмэгдүүлье гэсэн ч талбайгүй болсон. Зөвхөн чанарт л анхаарч ажиллах бодолтой.