Ховд их сургуулийн "Нээлттэй хаалганы өдөрлөг" болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-05-11 13:44:41

Ховд /МОНЦАМЭ/. Ховд их сургууль ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад сургуулийнхаа үйл ажиллагааг танилцуулах, сурталчлах зорилгоор “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгууллаа.  

Өдөрлөгийн үйл ажиллагаанд Жаргалант сумын ерөнхий боловсролын Прогресс сургуулийн ахлах ангийн сурагчид оролцов.

Энэ үеэр тус сургуулийн түүхэн замнал, онцлог, давуу тал, гадаад, дотоод харилцаа, хамтын ажиллагаа, оюутны хөгжил, оролцооны талаар холбогдох албаныхан мэдээлэл хийсэн юм.

Мөн сурагчид тус сургуулийн нийгэм, байгалийн ухаан чиглэлийн хөтөлбөртэй танилцаж, физик, хими, археологийн лабораториор зочилж, сонирхолтой туршилт хийв. Тухайлбал, амониди хоромат бодис ашиглаж галт уулын дэлбэрэлт хэмээх туршилт хийлээ. Тус бодисын урвалын гадаад илрэл, шинж тэмдэг нь галт уулын дэлбэрэлттэй адил, маш өвөрмөц учраас сурагчид ихээхэн сонирхон судалж байлаа.

Ховд их сургуульд уран бичлэг, гадаад дуу, судалгаа, эрдэм шинжилгээ, гар урлал зэрэг 20 орчим дугуйлан  хичээллэж,  оюутнуудын авьяас, мэдлэг,  ур чадварыг  хөгжүүлж байна. “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийн  үеэр тэдгээр дугуйлангийн уран бүтээлч, судлаач оюутнууд бүтээлийн үзэсгэлэн гаргаж, сурагчид, олон нийтийн хүртээл болгов.

Баруун бүсийн боловсрол, соёл, шинжлэх ухааны төв, төрийн өмчийн магадлан итгэмжлэгдсэн Ховд их сургууль нь 1979 онд 13 багш, 100 гаруй оюутантайгаар  үйл ажиллагаагаа  эхэлж байсан. Тэгвэл өдгөө  2600 гаруй оюутан суралцагч, 200 гаруй багш, ажилтантай болж, сургалтын үйл ажиллагаагаа улам  тэлж, хөгжүүлсээр байна.

  

Холбоотой мэдээ