Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ховд аймагт ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-05-13 16:03:57

Ховд /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхээр ахлуулсан ажлын хэсэг тавдугаар сарын 13-14-нд Ховд аймагт ажиллаж байна.

Тус ажлын хэсэг эхлээд Бүсийн оношилгоо эмчилгээний төвд ажиллаж, зарим тулгамдсан асуудлыг шийдвэрлэх талаар орон нутгийн удирдах ажилтнуудтай санал солилцлоо. Энэ үеэр төв эмнэлгийн барилгын өргөтгөлийн ажил хийх нэн шаардлагатай байгаа талаар БОЭТ-ийн захирал П.Улаанхүү онцлон хэллээ.  

Мөн ард иргэдийн санал хүсэлтийн дагуу энэ онд 50 ортой “Хүүхдийн эмнэлэг”-ийг Жаргалант суманд барихаар шийдвэрлэсэн. Тус эмнэлгийн барилгын шав тавих ёслол өнөөдөр болж, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон холбогдох албаны удирдлагууд оролцлоо.

Тус эмнэлгийг орон нутгийн хүүхэд багачуудад үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор улсын төсвийн 5,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж байгаа бөгөөд 2020 онд ашиглалтад хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байна.

Тус эмнэлэг ашиглалтад орсноор БОЭТ-ийн ачаалал, тасаг кабинетийн хүрэлцээ хангамж сайжирч, хүүхдийн өвчлөл, эндэгдэл буурч,  тав тухтай орчинд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах боломж бүрдэнэ гэж албаныхан мэдээллээ.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхээр ахлуулсан ажлын хэсэг үргэлжлүүлэн Эрдэнэбүрэн сумын Шижигтийн хавцал хэмээх газар барих “Эрдэнэбүрэнгийн УЦС”-ын ажил, Буянт сумын Шохойтын бэл гэдэг газар барих “Цементийн үйлдвэр”-ийн шав тавих ёслолд оролцож, ХАА-н гаралтай түүхий эдийн цэвэрлэх байгууламжийн ажилтай танилцах юм. 

Холбоотой мэдээ