Буянт суманд Ховд эко цементийн үйлдвэрийн барилгын ажил эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-05-13 17:44:17

Ховд /МОНЦАМЭ/. Засгийн газрын 21:100 хөтөлбөрийн хүрээнд Буянт  сумын нутаг Шохойтын бэл гэдэг газарт “Ховд эко цемент“-ийн үйлдвэрийн барилгын ажил эхэллээ. 

Барилгын гол түүхий эд болох Цементний үйлдвэр ашиглалтад орсноор орон сууцны үнэ тогтворжих, зам талбай, сургууль, цэцэрлэг, явган зам, талбайн тохижилт сайжрах зэрэг чухал ач холбогдолтой юм.

Энэхүү үйлдвэр нь жилд 300 мянган тн цемент үйлдвэрлэж, баруун бүс нутаг, тэр дундаа Ховд аймгийн цементийн хэрэглээг бүрэн хангахаар төлөвлөж байна.

Одоогоор баруун таван аймгийн нэг жилийн цементийн хэрэглээ 220 мянган тн байгаа бөгөөд Улаанбаатарт худалдаалж буй цементийн үнэ ханшаас хоёр дахин өндөр буюу нэг тн цементийн үнэ 300 орчим мянган төгрөг байгаа юм.

“Ховд эко цемент”-ийн үйлдвэр ирэх онд ашиглалтад орох ба нэг тн цементийн өртгийг 150 мянган орчим төгрөг буюу Улаанбаатар хотын үнэ ханштай дүйцүүлнэ гэж албаны эх сурвалж мэдээллээ. Үүний үр дүнд баруун аймгуудад орон сууцны нэг ам.метр талбайн үнэ 30-40 хувь хямдарч, 800 орчим мянган төгрөг болж, үнэ нь тогтворжино гэсэн тооцоог барилгачид гаргажээ.

“Ховд эко цемент”-ийн үйлдвэрийн барилгын ажилд орон нутгаас 100 гаруй хүн ажиллана. 2020 онд үйлдвэр ашиглалтад ашиглалтад орсноор 250 хүн тогтмол ажлын байртай болох аж. Зөвхөн тээвэрлэлтээс гэхэд баруун аймгууд жилдээ 43 тэрбум төгрөг хэмнэх тооцоо, судалгаа байна гэж албаны эх сурвалж мэдээллээ.

Холбоотой мэдээ