Дөргөн сумын Ахмадын хороо "Улсын тэргүүний хороо"-гоор шалгарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-05-14 11:24:21

Ховд /МОНЦАМЭ/. Ховд  аймгийн Дөргөн сумын Ахмадын хороо 2018 оны ажлаараа манлайлж, “Улсын тэргүүний Ахмадын хороо”-гоор шалгарчээ.

Тус  аймагт 8000 гаруй ахмад настан бий. Тэд ахмадын өргөөтэй болох, чийрэгжүүлэлтийн танхим, соёл хүмүүжлийн ажил зохион байгуулах гэх мэтээр нийгмийн амьдралд идэвхтэй оролцож байна.

Үүний тод жишээ нь Дөргөн сумын Ахмадын хороо юм. Тус хороо 5 өрөө бүхий ахмадын өргөөтэй, бусдадаа үлгэр дуурайлал болохуйц сайн туршлагыг хэрэгжүүлж, зэргэлдээ сумдын ахмадын байгууллагуудтай харилцан туршлага солилцох үйл ажиллагааг сүүлийн 10 гаруй жилд тогтмол зохион байгуулжээ.

Дөргөн сум дахь Монгол Улсын тэргүүний Ахмадын хорооны шагналыг Ховд аймгийн Ахмадын хорооны дарга Ч.Дамбадаржаа болон сумын удирдлагууд гардуулан өгч баяр хүргэв. Мөн УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, ХХҮЕГ-ын дарга Б.Нямдаваа нар ахмадуудад баяр хүргэж гарын бэлэг ирүүлсэнийг уламжлав.

Тус сумын ахмадын хорооны даргаар ахмад настан З.Баасандорж сүүлийн 20 орчим жил ажиллаж байна. Тэрбээр хэлэхдээ, тус  ахмадын хороог өөрийн гэсэн байртай болгох, үйл ажиллагааг  нь тогтмолжуулах, нутгийн ахмад буурлуудыг олон нийтийн үйл ажиллагаанд татан оролцуулах, тэднийг идэвхжүүлэх, дэмжих чиглэлээр ажиллаж ирсэн бөгөөд нутгийн ахмад буурлуудын нөр их хөдөлмөр, сум орон нутгийн удирдлагуудын дэмжлэг туслалцаа, хамтын ажиллагааны үр дүнд энэ хүндтэй шагналыг хүлээн авсандаа гишүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлье гэлээ.

Холбоотой мэдээ