Мнучин: АНУ-БНХАУ худалдааны хэлэлцээгээ үргэлжлүүлнэ

Дэлхийд | Эдийн Засаг
khulan@montsame.gov.mn
2019-05-16 10:13:20

ВАШИНГТОН. /Reuters/. АНУ-БНХАУ-ын сайдын түвшний худалдааны хэлэлцээгээ ойрын хугацаанд үргэлжлүүлнэ гэж АНУ-ын Сангийн сайд Стивен Мнучин мэдэгджээ.


Хоёр талын хэлэлцээ тохиролцоонд хүрч чадаагүйтэй холбогдуулан АНУ Хятадын 200 тэрбум ам.долларын өртөг бүхий бараа бүтээгдэхүүнд ногдуулсан татвараа өнгөрсөн долоо хоногт нэмэгдүүлсэн юм.


Үүний хариуд Хятад улс АНУ-ын 60 тэрбум ам.долларын өртөг бүхий бараа бүтээгдэхүүнд 25 хувийн нэмэлт татвар ногдуулна гэдгээ мэдэгдээд байгаа билээ. Эдгээр үйл явдлаас харахад талууд харилцан бие биедээ татвар ногдуулсаар байх төлөвтэй байна. Харин АНУ-ын Сангийн сайдын мэдэгдэл дээрх дүр зургийг эвджээ.


С.Мнучин Сенатын сонсголын үеэр хууль тогтоогчдод мэдэгдэхдээ, хэлэлцээгээ үргэлжлүүлэхээр ойрын хугацаанд Бээжинд айлчилж магадгүй гэжээ. Мөн тэрбээр, хэлэлцээр байгуулах хараахан болоогүй хэмээгээд, тохиролцоонд хүрээгүй зүйлс олон байгааг онцолжээ.


Д.Трамп, БНХАУ-ын дарга Си Жиньпин нар ирэх зургадугаар сарын сүүлээр Японд болох “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр уулзах төлөвтэй байгаа юм. Хоёр талын хэлэлцээ цаашид хэрхэн өрнөх нь олон нийтийн анхаарлын төвд байна.  

Холбоотой мэдээ