Чөлөөт худалдаа болон эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн сургалт боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-11-06 17:29:35

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Хөрөнгө оруулалт, худалдааны газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Улаанбаатар хотын худалдааны танхимтай хамтран “Чөлөөт худалдааны хэлэлцээрт, эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг ашиглах бизнесийн боломж” сэдэвт сургалт зохион байгууллаа.

 

Экспорт, импортын үйл ажиллагаа эрхэлдэг болон бизнесээ гадаад зах зээлд гаргахаар зорьж буй аж ахуйн нэгж, үйлдвэрлэгчдэд зөвлөгөө өгч, мэдээлэл солилцох зорилготой энэхүү сургалт тогтмол өөр өөр сэдвийн хүрээнд болдог байна.

 

Энэ талаар Хөрөнгө оруулалт, худалдааны газрын Худалдааг дэмжих хэлтсийн дарга О.Эрдэнэбаяр “Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа бизнесийн орчныг сайжруулах, уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэх, худалдаанд гарч буй саад бэрхшээлийг багасгах зорилгоор хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны хүрээнд Хөрөнгө оруулалт, худалдааны газраас манай улсын байгуулсан Чөлөөт худалдааны хэлэлцээр, эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг ашиглах бизнесийн боломжуудын талаар аж ахуй нэгж, бизнес эрхлэгчдэд мэдээлэл, хүргэх ажлыг ажил хийж байна. Энэ хүрээнд өнөөдөр Эдийн засаг, хөгжлийн яам, ЖДҮ-ийн газар, Гаалийн ерөнхий газар, МҮХАҮТ, УБ Худалдааны танхим зэрэг байгууллагуудтай сургалт зохион байгуулж байна. Монгол улс бол Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орон. Гишүүн орны хувьд бусад гишүүн орондоо тарифын хувь хэмжээгээ багасган худалдаа хийж, бизнес эдийн засгийн ашиг хүртэх талаар салбарын мэргэжилтнүүдээр дамжуулан зөвөлгөө, мэдээллийг сургалтаар өгөх юм. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн гол өгөөж нь бусад орон руу экспортод гаргах бараа нь тарифын хөнгөлөлт эдэлдэг. Энэ нь тухайн орондоо импортын татвараас хөнгөлөлт эдэлж байна гэсэн үг. Нэг ёсондоо Монголын бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл өсч, экспортод гаргах,  бусад орны зах зээлд гарах боломж нэмэгдэж байна. Тэр утгаараа эдийн засгийн ач холбогдол ихтэй юм” хэмээн ярилаа.


Энэхүү сургалтын үеэр Монгол Улсын байгуулсан худалдааны хэлэлцээрүүдийн хэрэгжилт, тарифын хөнгөлөлт, гарал үүслийн бичиг баримтын шаардлага, жижиг дунд бизнес эрхлэгчдэд тулгамдсан асуудлууд, Ази, Номхон далайн бүсийн орнуудтай хийх худалдааны боломжуудын талаар салбарын мэргэжилтнүүд илтгэл тавьж, зөвлөгөө өгч байгаа юм. 



Холбоотой мэдээ