ЗАВХАН: Нөмрөг бүргэдийн тархац тоо толгойг судлах шаардлагатай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-11-06 15:52:53

Улиастай, 2025 оны арваннэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутаг, Завхан гол, Хомын талд нүүдлийн үеэр олноороо сүрэглэн амьдардаг. Зарим намар орой цөөн тоогоор ажиглагддаг шувуу бол нөмрөг бүргэд юм. 


Тахийн уугуул нутаг Хомын тал нь Монгол орны “Олон улсын шувуудад чухал нэр бүхий 70 газар” (IBA)-ын нэг бөгөөд 140 гаруй зүйл шувуу энд бүртгэгдсэн байна. Реликт цахлай, борцгор хотон, цагаан сүүлт усны нөмрөг бүргэд зэрэг нэн ховор шувуудын нүүдэллэх, дамжин өнгөрөх чухал газар болдог.


Байгалийн цогцолборт газрын шувуудыг ажиглах, судлах сонирхолтой аяллыг "Тахь" эко жуулчны бааз 2023 оноос эхлэн санал болгожээ. Ялангуяа өвлийн улиралд гол дагасан бургасан шугуй болон зэгс, арал дээр сүрэглэн өвөлждөг шувуудыг эндээс ажиглах боломжтой юм.


Хомын талын Бураагийн бургасан шугуйд цөөн тоогоор ажиглагддаг шувуудын нэг нь усны нөмрөг бүргэд юм. Шонхортон багийн, Харцгайнхан овгийн тус шувуу нь нэн ховор зүйл.


Дэлхийн байгаль хамгаалах холбооны улаан дансны ангиллын шалгуураар “устаж болзошгүй” зүйлд хамаардаг. Ерөнхий зүс нь бараан хүрэн. Сүүлний залуур өдүүд цагаан бөгөөд үзүүр, угтаа хар зурвастай. Толгой, хүзүү шаргал саарал.

Нүд цайвар бор, хошуу хар саарал, зэтэр цэнхэрдүү, хөл цайвар шар, хумс хар. Эр шувууны далавчны урт 545-585 мм, эмийнх 593-623 мм. Хээр ба цөлийн томоохон усан сангуудыг дагаж амьдарна.


Нүүдлийн, зарим үед өвөлждөг, үүрлэж, өндөглөдөг шувуу юм. Үүрээ мод, хад, газарт засаж хоёроос дөрвөн өндөг гаргана. Тэжээлийн зонхилох хэсгийг загас эзлэх боловч, сүүгээр бойжигчид, шувуу барьж иддэг.  Нөмрөг бүргэд нь Ази, баруун тийш Приерусланы тал, өмнөд зүгт байгалийн урдах нутгууд хойт БНХАУ, Төвөд, умард Энэтхэг, Бирмээр тархан байрладаг.

Монгол оронд өндөглөн зусдаг гэж үздэг боловч одоогоор баттай үрждэг тухай баримт нотолгоо байхгүй, харин зуны улиралд нүүдэллэн ирж зусдаг төдийгүй намар орой цөөн тоогоор ажиглагддаг байна. Устаж болзошгүй, Монгол улсын Улаан номд нэн ховор зүйл ангиллаар орсон шувуу юм. 


Манай орны монгол Алтайн Ачит нуур, Их нууруудын хотгорын Хар ус, Хар, Дөргөн, Хяргас, Увс нуурууд, Завхан голын хөндийд бий. Мөн хангайн Орхон, Тамир, Идэр, Хэнтийн уулын бүсийн Хараа, Туул голын хөндий, Хөвсгөл дархадын хотгороор тааралдана. Нүүдлийн үедээ Орхон, Туулын хөндий, олон нууруудын хоолойн Бөөнцагаан нуурт тохиолдоно. Хээр, цөлийн загастай, томоохон нуур, ус дагаж амьдарна.


Cудалгаагаар, “Хар ус нуурын Цагаан гол, Завхан голын хөндий, арал дээр, өвөлжөөн дээр үүрлэсэн байв”  хэмээн тэмдэглэгджээ.


Томоохон нуур усны эрэг хавиар амьдардаг бусад шувуудын адил, амьдрах орчны доройтол нь нэг газартаа зусах, өндөглөх боломжийг нь алдагдуулж байгаа талаар шувуу судлаачид тэмдэглэсэн байна. 


Амьтны тухай хуульд нэн ховор амьтнаар бүртгэж, Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай (CITES) конвенцийн II хавсралт, Зэрлэг амьтдын нүүдлийн зүйлийг хамгаалах тухай конвенцийн II хавсралт, Олон улсын ач холбогдол бүхий ус, намгархаг газар, ялангуяа усны шувууд олноор амьдардаг орчны тухай конвенцын хавсралтад орсон журмуудаар хамгаалагдсан байна. Байршил нутгийг нь улсын тусгай хамгаалалттай газарт хэсэгчлэн хамруулсан байна.


Гэсэн хэдий ч нөмрөг бүргэдийн тархац, тоо толгойг нарийвчлан судлах. Гол, нуурын эргийн бэлчээрийг сэлгээтэй ашиглаж, түүний талхагдлыг хязгаарлан зогсоох, хамгаалалтыг сайжруулах, сурталчилгаа хийх хэрэгтэй байгаа талаар мэргэжлийн байгууллагууд онцолжээ.

Холбоотой мэдээ