Г.Нямхатан: Хагас зуун жилийн түүхэнд 42 мэргэжлийн 11000 гаруй мэргэжилтэй баялаг бүтээгчдийг төгсгөсөн

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-05-21 16:12:40

Хэнтий /МОНЦАМЭ/ Хан Хэнтийн өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн холбоос болсон мянга мянган өсвөр залуу үеийг амьдралд залгуулж, ажил мэргэжилтэй золгуулсан Хэнтий аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв өдгөө 50 нас хүрч байна. Тун удахгүй Улаанбаатар хотноо ойн тоглолтоо зохион байгуулах гэж буй Хэнтий аймаг дахь МСҮТ-ийн захирал Ганболдын Нямхатантай цөөн хором ярилцлаа.    


- Танд өдрийн мэнд хүргэе. Тоглолтын бэлтгэл ажил хангагдсан уу?

-2019 оны 05 дугаар сарын 30-ны оройн 19 цагт Монгол бөхийн өргөөнд "Эвийн цагаан өргөө" нэртэй сайхан тоглолтыг зохион байгуулахаар бэлтгэл ажил ид дундаа өрнөж байна даа. 

-50 жилийнхээ ойг угтсан олон бүтээлч ажлууд төлөвлөсөн байх?

-Тиймээ. Манай сургуулийн түүхэн хөгжлийн 50 жилийн ой 2019 оны есдүгээр сарын 13-14-ний өдөр болно. Ойгоо угтаж сургуулийнхаа сургалтын орчин, өнгө үзэмжийг сайжруулах, нэрэмжит болгох, суралцагчид, багш, ажилтнуудын дунд бүтээлийн уралдаан зарлах гэх мэт “50 жил-50 бүтээлч ажил”-ыг хамт олныхоо саналаар нэгтгэн хэрэгжүүлж эхлээд байна. Мөн тус сургуульд ажиллаж байсан багш ажиллагсад, төгсөгчдийн судалгааг бүрэн гаргаж, ойн арга хэмжээнд оролцуулах ажил зохион байгуулж байна.

-Өнгөрсөн 50 жилийн хугацаанд танай сургуулийг нийт хэдэн суралцагч төгссөн бэ?

-1969 онд “Залуу малчны сургууль” нэртэйгээр Монгол Улсын ууган 15 дахь сургууль болж байгуулагдсанаас хойш хагас зуун жилийн түүхэнд нийт 42 мэргэжлийн 11000 гаруй мэргэжилтэй баялаг бүтээгчдийг төгсгөн хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн салбарт ажиллуулж байна.

-Үе үеийн түүхийн түүчээ болсон удирдлагууд, хамт олныхоо тухай дурсан яривал?

-Сургуулийн түүхэн хөгжлийн 50 жилийн хугацаанд олон шилдэг боловсон хүчнүүд тус сургуулийг удирдаж, залуу халуун нас, амьдралаа энэ сургуулийн төлөө зориулан, оюун ухаан, мэдлэг чадвараа дайчлан ажиллаж, өнөөдрийн сайхан цаг үетэй биднийг учруулсан. Тухайлбал анхны захирал Ш.Шагдарсүрэн гуай суралцагчдын сурах орчныг бүрдүүлэн, багшлах боловсон хүчнээр хангах ажлыг чадварлаг зохион байгуулж, удаах захирал Т.Бямбажав сургалтын орчныг сайжруулан, багш нарын ур чадварыг дээшлүүлэхэд онцлон анхаарсан байдаг. Тус сургуулийг 17 жил удирдсан захирал Б.Амаржаргал, 12 жил удирдсан захирал Л.Ганболд нар сургуулийн ажлыг хэвийн явуулах орчныг бүрдүүлэн, улсдаа тэргүүлэх сургуулийн нэг болгож чадсан. Манай хамт олон алсын хараа, эрхэм зорилгоо хэрэгжүүлэхийн төлөө хичээнгүйлэн ажиллаж байгаа бүтээлч хүмүүс дээ. Бие биедээ анхаарал халамж тавьдаг, санаачилгатай, сайхан сэтгэлтэй хүмүүс нэгдэж, сайн хамт олон бүрэлдэн бий болсон.

-Шинэ үеийн залуу захирлын хувьд сургуульдаа шинэлэг байдлаар ямар ажлуудыг хийв?

-Анх ирээд ажиллаж байхдаа бодсон эхний ажил маань сургуулийнхаа багш, ажилчдыг салбарынхаа шилдэг сургуулиудын үйл ажиллагаа, сургалтын орчин, сургах арга барилын талаар туршлага судлуулах зайлшгүй шаардлага байгааг олж харсан. Энэ ажлаа хэрэгжүүлж эхлээд зүүн бүсийнхээ гурван сургуультай танилцсан. Түүний дараа говийн бүсийн дөрвөн сургууль, өнгөрсөн зун хангайн болон баруун бүсийн зургаан сургууль, өнгөрсөн намар хойд чиглэлд мөн зургаан сургууль нийт 19 сургуулийн үйл ажиллагаатай хамт олноороо танилцсан нь цаашдын ажилд ихээхэн туршлага болж өгч байна.

Мөн улс, бүсийн мэргэжлийн уралдаан тэмцээнүүдэд багш, оюутнуудаа амжилттай оролцуулах, туршлага суухад нь онцгой анхаарсан. 2018-2019 оны хичээлийн жилд Магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлтэй гэрээ байгуулан  дотооддоо магадлан итгэмжлэл хийлгэх ажлыг эхлүүлж, энэ хичээлийн жилийн тавдугаар сард багтан Магадлан итгэмжлэгдсэн сургууль болохоор ажиллаж байна. Мөн оёдол, гагнуурын хоёр хөтөлбөрт магадлан итгэмжлэл хийлгэхээр ажиллаж байна.

Олон улсын “ISO 9001:2015 чанарын удирдлагын тогтолцоо”-г байгууллагадаа хэрэгжүүлэн баталгаажуулахаар “Ворлд консалтинг” ХХК-тай зөвлөхийн, “Монсертф” ХХК-тай баталгаажуулалтын гэрээг тус тус байгууллаа. Мөн сургалтын чанарыг сайжруулах зорилгоор Германы ахмад мэргэжилтний албанаас гагнуур, мужаан, менежментийн чиглэлээр Герман улсаас зөвлөх мэргэжилтэн тус хичээлийн жилд гурвыг урьж, сургалтын шинэ арга барил хэрэгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх ажлыг зохион байгуулж, амжилтаа баталгаажуулан ажиллаж байна.

-Сургуулийнхаа 50 жилийн их ойг угтсан бүтээн байгуулалт,  үйл явдлаас нэрлэвэл?

-Ойгоо угтаж бүтээн байгуулалтын олон ажлыг өрнүүлж байна.Тухайлбал дотуур байрны үүдний хэсгийг гэрийн нөхцөлд ойртуулан тохижууллаа. Сургуулийнхаа гадна гэрэлтүүлгийг бүрэн шинэчилж, ахмадын цэцэрлэгийг усан оргилуур, гэрэлт гудамж бүхий тав тухтай ногоон орчин болгон тохижуулна. Хичээлийн байрны хоёр ба гуравдугаар давхрын коридорт багш, суралцагчдын бүтээлийн үзэсгэлэн тавина. Урлаг заалыг акустик хавтангаар доторлож, дуу намсгах, спорт заалыг төрөл бүрийн суурин тоноглолтой болгоно. Анги, танхим мастерын газруудыг түншлэгч байгууллагуудын санаачилгаар тохижуулах уралдаан зарласан байгаа гэх мэт олон ажлыг төлөвлөн эхлүүлсэн байна. Үйл явдал гэвэл ахмад багш нарынхаа нэрэмжит үе үеийн төгсөгчдийн дунд сагсан бөмбөг, волейболын тэмцээн, олимпиад зохион байгуулах, алдрыг нь тэмдэглэх, сургуулийн сүлд дууны клип, 50 жилийн баримтат кино хийх, хандивын тоглолт зохион байгуулах гээд ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлж байна.

-Өнгөрсөн хугацаанд та юунд эрэлхийлж ажиллав?

-Би энэ салбартаа арав гаруй жил ажиллаж байна. Өмнө нь энэ салбарт ажиллахдаа өөр аймагт буюу Говьсүмбэр аймаг дахь Уул уурхайн Жишиг сургууль Политехник коллежид ажиллаж ирсэн.Тухайн сургуулийг 2008 онд анх байгуулсан гэхэд 2012 онд Политехник коллеж болж, 2013 оноос Уул уурхайн жишиг сургууль болж хөгжсөн. Мөн 2014 он гэхэд улсдаа эхний тавд орох хэмжээний бүтээн байгуулалт, сургалтын тоног төхөөрөмж, чадвартай багшлах боловсон хүчээр бүрэн хангагдаж, нийгмийн түншлэлийн өргөн цар хүрээтэй ажлууд хийж, төгсөгчид ажлын байраар бүрэн хангагдаж үйл ажиллагаа нь богино хугацаанд жигдэрсэн. Ингээд 2016 онд нутгаа зорихоор шийдсэн. Ирээд гол зорьсон ажил маань хөгжлийн дараагийн шат буюу Политехник коллеж болгох ажилд анхаарлаа хандуулж ажиллаж байна. Мэдээж Политехник коллеж болоход багш нарын мэргэжлийн зэргийг ахиулах, сургалтын орчинг сайжруулах, төгсөгчдийн ажлын байрыг нэмэгдүүлэх, нийгмийн түншлэлийн хамтын ажиллагааг сайжруулах зайлшгүй шаардлагууд байгаа. Мөн төгсөгчдийн дэвшин суралцах боломж, өөрөө өөртөө ажлын байр бий болгох, төсгөгчдийн хандлага, төлөвшлийг сайжруулах, багш ажиллагсдынхаа хамтаар, нийтэд соёлыг төлөвшүүлэх зэрэг гол ажлууд дээр анхаарлаа хандуулж тодорхой ажлуудыг шат дараатайгаар хийж байна.        

-Багш, боловсон хүчний хувьд хангалт хэр вэ?

-Харьцангуй манай сургуулийн багш ажилчид тогтвор суурьшилтай ажиллаж, нийт багш нарын 70 гаруй хувь нь зөвлөх, тэргүүлэх, заах аргач зэрэгтэй. Мэдээж он цагийн тооллоор ахмад багш нар маань гавьяаныхаа амралтад сууж, шинэ залуу багш нар залгамж халаа болон ажилласаар байна. Залуу багш нараа хурдан дадлагажуулж ажиллах тал дээр сургууль болон Бүсийн аргазүйн төв анхааран ажилладаг. Мөн бид гадны чадварлаг ахмад мэргэжилтнүүдийг урьж, хамт ажиллуулан сургаж байна.

-Хэнтий аймаг дахь МСҮТ–ийн бусад МСҮТ-ээс ялгарах онцлог?

-Манай аймаг эдийн засгийн хувьд МАА, газар тариалангийн салбар тэргүүлэх байр суурьтай байдаг. Мөн аялал жуулчлалын салбар тэргүүлэх салбар удахгүй болох нь. Энэ онцлогтой уялдуулан ХАА, аялал жуулчлал, түүнийг дагасан чиглэлээр мэргэжилтэй ажилчдыг голчлон бэлтгэх шаардлага тавигдаж байна. Бусдаар бол мэдээж аймаг орон нутаг, бүсийн онцлогтоо тохируулан ХЗЗ-ийн эрэлтэд нийцсэн мэргэжилтэй ажилтан бэлтгэн гаргадгаараа бусад МСҮТ-тэй ижил байр суурьтай юм.  

-Төгсөгчдийнхөө ажлын байрны асуудалд сургуулиас хэрхэн дэмжлэг үзүүлдэг вэ?

-Суралцагчдыг суралцаж буй хугацаанд үйлдвэрлэлийн дадлагыг хийхэд ААНБ, ажил олгогчтой хамтын ажиллагааны гэрээ байгуулж, гэрээний хүрээнд суралцагчдыг үйлдвэрлэлийн дадлага хийлгэхэд онцгой анхаарч, дадлагын хугацаанд тухайн байгууллага ажилд авах суралцагчаа бэлтгэн, төгсөөд ажлын байраар хангах ажил дээр сургууль нэлээд хүч тавин ажилладаг. Мөн ААНБ-аас захиалга авдаг, өөрсдөө захиалдаг. Төгсөх ангийн суралцагчдыг ХХҮГ-ын төсөл, хөтөлбөрт хамруулж, ажлын байрны багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжтэй болгох зэрэг ажлыг зохион байгуулдаг. 

-МСҮТ төгсөгчдийн давуу тал нь юу вэ?

-Одоо цагт мэргэжилтэй ажилтан Монголын ирээдүй болоод байна. Тус сургуульд суралцсанаар есдүгээр анги төгссөн хүүхэд 12-р ангийн бүрэн дунд боловсролын гэрчилгээ, мэргэжлийн 3, 4-р зэргийн үнэмлэхтэй төгсөнө. 18 нас хүрсэн бол жолооны үнэмлэхтэй төгсөнө. Мөн дараагийн шатны Политехник коллежид үнэ төлбөргүй дэвшин суралцана. Өвөрмонголын Хянганы ажил мэргэжлийн их сургууль, Оросын Чита мужад дэвшин суралцах боломжтой. Ажлын байраар хангагдана. Өөрөө өөртөө ажлын байр бий болгоно.

-Та Герман улсын багш нартай хамтран ажилладаг гэлээ. Ер нь гадаад харилцаа хэрхэн хөгжиж байна вэ?

-Германы ахмад мэргэжилтний албаны (ГАМА) шугамаар Герман мэргэжилтэн Bernhard Jendrusch 2018 оны 11-р сарын  6-30-нд Барилгын мужааны зөвлөхөөр, Bernd Luddecke 2018 оны 12-р сарын 4-22-нд Гагнуурын мэргэжлийн зөвлөхөөр, DR. Annemarie Goos 2019 оны гуравдугаар сарын 12-ноос дөрөвдүгээр сарын 6-ны өдөр тус сургууль дээр хэрэгжиж байгаа Чанарын менежментийн тогтолцоо олон улсын ISO 9001:2015 стандартыг хэрэгжүүлэхэд зөвлөхөөр тус тус ажиллалаа.

Тус зөвлөх нь Герман улсдаа мэргэжлийн сургуулийн захирлаар 14 жил ажилласан туршлагатай хүн юм. Тус зөвлөхүүдтэй хамтарч ажилласнаар дотоод нөөц бололцоондоо тулгуурлан сургуулийн удирдлага, багш, суралцагчдад зөв менежмент, удирдлагаар хангах, өөрсдийн гараар хэрхэн бүтээлч ажлыг хийж болох арга аргачлалыг мэдэж авснаар байгууллагын ажиллагсад, суралцагсдын сэтгэл ханамж, идэвх санаачилга ихээхэн сайжирч ирсэн нь талархалтай байна. Цаашид Германы Ахмад мэргэжилтний албатай хамтран зөвлөхүүдийг урьж ажилласаар байх болно.

Энэ дашрамд, Хэнтий аймагтаа Германы ахмад мэргэжилтнүүдийг урьж авчрах боломж олгосон Б.Батболд тэргүүнтэй Худалдаа аж үйлдвэрийн танхимын Хэнтий аймгийн салбарынхандаа баярлалаа. Мөн бид оюутан суралцагчдынхаа мэргэжлийн ур чадварыг ахиулах, гадаадад суралцуулах зорилгоор Өвөрмонголын Хянган аймгийн Ажил мэргэжлийн их сургууль, Читийн уул уурхайн коллежтой хамтын ажиллагааны гэрээтэй ажиллаж байна. Гэрээний хүрээнд Хянганы ажил мэргэжлийн их сургуульд дөрвөн оюутан барилгын чиглэлээр суралцаж төгссөн. Чита рүү жил бүр Эрдэм шинжилгээний хуралд илтгэлээр багш, оюутнууд маань тогтмол оролцож байна. Цаашлаад Малайзад мэргэжлийн дагуу зургаан сар цалинтай дадлага хийх, Японд мэргэжлээрээ ажиллах гээд олон талт хамтын ажиллагаанууд өргөжсөөр байна даа.   

-     -Өнгөрсөн хоёр жилд танай сургуульд ямар хөрөнгө оруулалт хийв?  Энэ онд хөрөнгө оруулалт байгаа юу?

-Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Ойн төслөөс 2017 онд 104 сая төгрөгийн ойжуулалтын сургалтын тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, 2018 онд 86 сая төгрөгийн өртөг бүхий Ланд крузер 78 машин нийлүүлэгдсэн. Мөн сантехникийн дадлагын газраа Хэнтий аймгийн анхны томоохон барилгын компани болох "Хэнтий Хангай" ХХК-ийн захирал асан Ц.Амгалангийн нэрэмжит болгож, түүний үр хүүхэд, ар гэр, хамт ажиллагсдаас нь 3.6 сая төгрөгийн багаж хэрэгслийн дэмжлэг үзүүлсэн. Мөн тус дадлагын газарт ГХБХБГ-аас 1.5 сая төгрөгийн хэрэгсэл нийлүүлэгдэж тохижуулсан.  Түүнчлэн Хэнтий аймагт хэрэгжсэн Каритас Чех байгууллагын шугамаар гурван улирлын хүлэмж, 40 тоннын зоорь ашиглалтад орсон. 2019 онд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Мод үржүүлгийн газар, сургуулийн хашаанд өвлийн хүлэмж барьж, ойжуулалтын анги болон хүлэмжийн аж ахуйн фермерийн анги дадлагын газраар бүрэн хангагдах юм.

-Нийт суралцагчид, төгсөгчид, хамт олон, хамтран ажилладаг байгууллагууддаа хандаж мэндчилгээ дэвшүүлэх үү?

-Сургуулийнхаа 50 жилийн ойг ёслол төгөлдөр, өргөн дэлгэр тэмдэглэнэ гэж бодож байгаа. Өнгөрсөн 50 жилийн түүх бол манай сургуулийн төгсөгчид, үе үеийн багш, ажилтан, ажилчид хамтран ажилладаг байгууллагуудын хамтын ажиллагааны түүх шүү дээ. Дуугарвал дуу нэг, дугтарвал хүч нэг гэж манай монголчууд сайн хамт олныг бэлгэшээн ярьдаг. Энэ үнэн үгийг 50 жилийн хугацаанд амьдралд хэрэгжүүлж, улс эх орон, аймаг сумдынхаа хөгжилд бодит хувь нэмэр оруулсан олон мянган мэргэжилтэй ажилчдыг бэлтгэжээ. Сургууль маань өсөн дэвжиж, өнгө төрхөө өөрчлөн, багшлах боловсон хүчин, сургалтын хэрэглэгдэхүүнээр хангагдаж, олон улсын жишигт нийцэхүйц мэргэжилтэй ажилчдыг бэлтгэдэг боллоо. Сургуулийнхаа төгсөгчид, суралцагчид, багш ажилчид, эцэг эхчүүд, хамтран ажилладаг байгууллагуудынхаа хамт олонд ажлын амжилт, сайн сайхныг ерөөн мэндчилье. 2019 оны есдүгээр сарын 13,14-нд болох сургуулийнхаа түүхт 50 жилийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг уриалъя. Мөн урьдчилж бидэнтэй холбогдохыг хүсье. Холбогдох утас: 70563012, 99164172, 91113856

-     -Баярлалаа. Танд амжилт хүсье.

Холбоотой мэдээ