“Шүүхийн шинэтгэл орон нутагт” нээлттэй мэдээлэл өглөө 

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-03-28 16:03:02

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сар бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. Хэвлэлийн бага хуралд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, доктор, профессор Н.Лүндэндорж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн, МУ-ын Гавьяат хуульч Б.Сарантуяа, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Эрдэнэчулуун, Д.Дамдин-Од, Ж.Эрдэнэчимэг нар оролцсон юм.

Энэ удаагийн хэвлэлийн бага хурлаар "Шүүхийн шинэтгэл орон нутагт” сэдвийн хүрээнд мэдээлэл хийж Орхон, Булган, Сэлэнгэ, Хөвсгөл аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн Тамгын газрууд онлайнаар холбогдлоо. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж хэвлэлийн бага хурлын эхэнд хүрэлцэн ирсэн нийт хэвлэл мэдээллийн байгууллагынхан, сэтгүүлчдэд талархал илэрхийлээд Шүүхийн ерөнхий зөвлөлийн таван гишүүн орон нутгийн нийт шүүхүүдэд очиж ажилласан талаар товч танилцуулсан юм.

Нийт шүүхүүдэд Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2015 оны үйл ажиллагааны тайланг танилцуулахаас гадна Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилж, эхлүүлсэн шүүхийн шинэтгэл өнгөрсөн гурван жилийн хугацаанд хүрсэн үр дүнг нийт шүүхийн байгууллагын шүүгч, ажилтнуудад болон иргэд, хөдөлмөрчдөд тайлбарлан таниулах нь энэ удаагийн албан томилолтын гол зорилго байсан гэдгийг онцоллоо. Мөн аймгийн төвүүд болон төвлөрсөн суурин газруудын иргэд олон нийттэй уулзаж,  Ерөнхийлөгчийн санаачилж эхлүүлсэн шүүхийн шинэтгэлийн бодлого, шаардлага үндэслэл, хүрсэн үр дүнг танилцуулж, иргэд шүүхийн шинэтгэлийн талаар ямар бодол, саналтай байна, шүүхийн шинэтгэл иргэдэд хэр үр дүнгээ өгч байна, мэдрэгдэж байна уу, ер нь юу өөрчлөгдөв гэж иргэдийн санал бодлыг анхааралтай сонслоо. Шүүхээс үйлчилгээ авч байгаа хүмүүсийн сэтгэл, санаа ямар байна, тэдэнд шүүхийн шинэтгэл мэдрэгдэж байна уу гэж сонсох явдал бол бидний хамгийн чухал зорилт байлаа гэв.

Түүнчлэн "Шүүхийн шинэтгэлийн 10 үр дүн” ажлыг иргэдэд танилцуулж, шүүхийн шинэтгэл иргэдийн амьдралд хэрхэн үр дүнгээ өгч байгааг сонссон байна. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга  баруун бүсийн найман аймгийн шүүхүүдэд ажиллаж, шүүгч ажилтнуудтай төдийгүй иргэдтэй уулзалт хийсэн бөгөөд иргэд шүүхийн шинэтгэлд сэтгэл хангалуун байсныг онцлов. Монгол Улсын 21 аймаг, Улаанбаатар хот дахь зарим шүүхүүдэд ажилласан дүнгээс харвал улс даяар өрнөсөн "Шүүхийн шинэтгэл” гэх том өөрчлөлт ард түмэнд хүрч үр дүнгээ өгч чадсан нь харагджээ. Аймгийн төвд хийсэн уулзалтад 350-600 орчим иргэн хамрагдаж  уулзалтын үеэр иргэдийн санал, бодлыг сонсч байхад шүүхийн үйл ажиллагааг шүүмжилсэн, гомдол санал нэг ч гараагүй  байна. Иргэд шүүхийн шинэтгэлийг ойлгож, мэдэрснээс гадна дагнасан шүүхийн тогтолцооны талаар маш сайн мэдээлэлтэй байж, дагнасан шүүхээс ухрахгүй байхыг захижээ. Шүүх дагнаж, шүүгч мэргэшсэнээр шүүгчийн ур чадвар сайжирсан гэдгийг шүүхээс үйлчилгээ авсан иргэд ил тод хэлж байна. Дагнасан шүүхийн ач холбогдлыг шүүхээр үйлчлүүлсэн иргэд төдийгүй үйлчилгээ үзүүлсэн шүүгч, ажилтнууд ч хүртэл ойлгож, хүлээж авсан байна гэдгийг сонсоход сэтгэлд таатай байлаа хэмээн ШЕЗ-ийн удирдлагууд онцоллоо. Иргэд нэг зүйлд жаахан сэтгэл дундуур байгаа нь ажиглагджээ. Энэ нь шүүх шударга шийдвэр гаргадаг. Энэхүү шийдвэрийн хэрэгжилт тааруу байгаа гэдгийг иргэд уламжилсан байна. Тухайлбал төрийн захиргааны албан хаагчид өнөөдөр шүүхийн шийдвэрийг биелүүлж ажилд нь тогтоочихоод, маргааш нь халдаг, эсвэл огт хэрэгжүүлдэггүй хэмээн иргэд шүүмжилжээ. Үүнээс гадна шүүхийн шинэтгэлийн дотроос Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг иргэд сайшааж, маш үр дүнтэй байгааг уламжилжээ. Эвлэрүүлэн зуучлал шүүхийн ачааллыг бууруулаад зогсохгүй иргэдийн хоорондын найрсаг харилцаагаа хэвээр хадгалж үлдэхэд маш их ач холбогдолтой зүйл гэжээ. Харин шүүгч нарын хувьд ихэнх шүүхэд шүүгчийн тулсан гурван орон тоо батлагдсан байдгаас шалтгаалаад нэг нь өвдөх эсвэл татгалзсан тохиолдолд бүрэлдэхүүнгүй болчих гээд байдаг нийтлэг бэрхшээл байна. Гэхдээ улс орны эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлаас үүдээд шүүгчийн орон тоог 2016 онд нэмэх боломжгүй байгааг Н.Лүндэндорж дарга хэлсэн юм.

Ж.Батсайхан

 

 

 

Холбоотой мэдээ