Ардын уран зохиолч Тангадын Галсан номын өргөөтэй боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-05-23 16:38:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн Тангадын Галсан “Русская гимназия” орос хэлний сургуульд номын өргөөтэй боллоо. Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газраас номын санг нь тохижуулж өнөөдөр хүлээлгэн өгсөн байна.

Ардын уран зохиолчийн зохиол бүтээл, гар бичмэлээс авахуулаад Монголын нэрт найрагчид, дэлхийн сонгодог бүтээл зэрэг 110 орчим ном, 60 гаруй киног тавиуртай болгон номын өргөөг нь тохижуулж өгчээ.

Тангадын Галсан авгай, "Дэлгүүрийн бараа лангуун дээр өрөөстэй байдаг атал ном шалан дээр байхыг харсан, номыг дээдэлж хайрладаг хүүхдүүдийн сэтгэл шархалсан байх аа. Номыг хайрлан дээдэлдэг хүүхдүүд ийнхүү тохижуулж, номын өргөөтэй болгож өгсөнд талархаж байна. Монголчууд хүүхдээ өөдөс даавуу, нэхийд өлгийддөг байхад номыг торгоор баринтаглан бурхны зулайд дээдэлдэг ард түмэн. Миний бие хүүхэд ахуй цагаасаа зохиол бүтээлд шимтэн дурлаж, ном цуглуулж ирсэн. Эд баялгаар дүүрэн айлд ороход тансаг дэлгүүрт орж ирсэн мэт сэтгэгдэл төрдөг бол, номын сантай айлаар зочлоход ариун дагшин газар ирсэн мэт бишрэн дээдлэх сэтгэл төрдөг. Дэлгүүр гэдэс цатгадаг байхад, ном оюун тархийг тэжээдэг. Хорвоо хоёр нартай. Тэнгэрийн бүтээсэн хүмүүний орчлонг гэрэлтүүлдэг нар нэг байхад хүмүүний бүтээсэн нар хүний тархи, зүрхийг гэрэлтүүлдэг юм. Энэ нарыг суу билэгт хүмүүс, Монголын ихэс дээдэс, сэхээтнүүд бүтээсэн юм” гэсэн үгээр  номын өргөөгөө мялаалаа.


Холбоотой мэдээ