“Метро-Метрополис-Метросексуал” гэрэл зургийн үзэсгэлэн

ФОТО МЭДЭЭ
gerelzurag1@montsame.mn
2019-05-24 10:18:30
https://www.facebook.com/chadraabal

“Метро-Метрополис-Метросексуал” гэрэл зургийн үзэсгэлэн

Уран бүтээлч Баттулгын Бат-Оргил “Метро-Метрополис-Метросексуал” нэртэй гэрэл зургийн цуврал бүтээх төслөө Улаанбаатар, Москва хотоор нилээд хэдэн жилийн өмнө эхлүүлжээ. Энэ удаад 2018 онд Хятад улсаар аялж хэрэгжүүлсэн төслөө олон нийтэд толилуулж байна. Цаашид Токио, Берлин, Нью-Йорк, Сөүл, Истанбул, Лондон хотуудад төвлөрөн ажиллах ба эдгээр хотуудын өнгө төрх, өдөр тутмын амьдралын хэмнэл, хүмүүсийн оюун санааны эрх чөлөө, түүнчлэн тухайн улс үндэстний онцлог, техник, технологийн хөгжлийг сурвалжлан баримтжуулж хойч үедээ гэрэл зургийн архив болгон үлдээх зорилготой аж.

Бат-Оргил нь 1992 оноос ОХУ-ын Санкт-Петербург хотод гэр бүлийн хамт амьдарч байгаад 1996 онд эх орондоо буцаж ирсэн ба Улаанбаатар хотын 1-р дунд сургуулийн математикийн гүнзгийрүүлсэн ангид элсэн орж 2006 онд төгсөөд, дараа нь Санхүү эдийн засгийн их сургуулийг бизнесийн баклаврын зэрэгтэй 2010 онд дүүргэжээ. Тэрээр өөрийн сонирхолд хөтлөгдөн 2010-2011 онд Ирмүүн агентлагт гэрэл зурагчнаар ажиллаж байгаад дараа нь ОХУ-ын Москва хотын иргэний нисэхийн их сургуульд онгоцны хөдөлгүүр ашиглалтын инженерээр суралцахаар явсан ч 2014 онд сургуулиа орхин буцаж ирсэн юм. Ирэнгүүтээ Ирмүүн агентлагтаа буцаж орсон ба тэр үедээ “Хүн Байгал Хайр Эрх Чөлөө” орчин үеийн урлагийн нэгдлийн залуучуудтай нэгдэн ажиллаж чөлөөт уран бүтээлчийн гараагаа эхэлжээ.

Бат-Оргил 2002 онд зуны амралтаараа анх удаа ажил хийж үзэж, авсан цалингаараа хальсны камер худалдан авч байсан нь түүний гэрэл зурагт ямар их татагдаж байсныг илэрхийлдэг. Их сургуульд сурч байхдаа “Оюутны амьдрал” нэртэй анхны бие даасан үзэсгэлэнгээ гаргасан ба дараа нь Москва хотод сурч байхдаа “Метро Метрополис Метросексуал” нэртэй баримтат болон контемпорари гэрэл зургийн төслөө анх бодож, 2012-2014 оны хооронд авсан гэрэл зургаараа 2017 онд хоёр дахь бие даасан үзэсгэлэнгээ гаргасан байдаг. 2008 онд “Өвчтөн” хэмээх нэртэй анхны консептуал цуврал гэрэл зургаа авсан. Цаашид дэлхий дээр байгаа бүх Метрополис хотуудыг сурвалжлах зорилготой гэнэ.


Гэрэл зургийг Б.Чадраабал