Японы цэргүүдийн эрх мэдлийг өргөжүүлсэн хууль хэрэгжиж эхэллээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРТОКИО. /TASS/. Японд тус улсын Өөрийгөө батлан хамгаалах хүчний эрх мэдлийг өргөжүүлэх тухай хууль хэрэгжиж эхэллээ. Уг хууль хүчин төгөлдөр болсноор Японы цэргийн албан хаагчид Дэлхийн хоёрдугаар дайн дууссанаас хойш анх удаа улс орон нь халдлагад өртөөгүй байсан ч “найрсаг харилцаатай орнуудыг” хамгаалах байлдааны ажиллагаанд оролцох боломжтой болж байна.
Уг баримт бичигт зааснаар, Японы Өөрийгөө хамгаалах хүчинд НҮБ-ын бүрэлдэхүүнд гадаадад явуулах ажиллагаанд оролцох үед тавьсан байсан хэд хэдэн хязгаарлалтыг цуцалсан байна. Урьд нь Японы цэргүүд ийм ажиллагааны үеэр бараг зэвсэг хэрэглэх эрхгүй байжээ. Хуульд мөн зөвхөн АНУ-ын төдийгүй бусад “найрсаг харилцаатай орнуудын” цэргүүдэд ложистикийн дэмжлэг үзүүлэхийг Өөрийгөө хамгаалах хүчний анги нэгтгэлүүдэд зөвшөөрсөн байна. Японы цэргийн албан хаагчид одоо тус улсын барьцаалагдсан иргэдийг суллах ажиллагаанд оролцох боломжтой. Ийм ажиллагаанд оролцохын тулд тэдэнд зэвсэг хэрэглэхийг зөвшөөрнө.
“Шинэ хууль нь Японы Засгийн газарт иргэдийнхээ аюулгүй байдлыг хамгаалах боломж олгосон өөрийгөө батлан хамгаалах маш чухал арга хэмжээ юм” гэж тус улсын Ерөнхий сайд Шинзо Абэ парламентдаа үг хэлэхдээ мэдэгджээ. Түүний хэлснээр, энэ нь мөн АНУ-тай стратегийн хамтын ажиллагааг бэхжүүлэх боломж олгоно.
Д.Жаргал