Н.Ганбямба: Хэнтий аймаг хөрөнгө оруулалтаар тэргүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-05-30 12:49:49

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямбатай аймагт хэрэгжүүлж буй бодлого, цаг үеийн ажлын талаар ярилцлаа. 


-  -Та сайхан зусч байна уу? Цаг үеийн асуудлаас яриагаа эхэлье. Мал төллөөд шувтарч байна. Мөн энэ  жил хэчнээн га-д тариалалт хийж байна вэ?

-Сайхан зусч байна аа.  Хүндхэн хавар болсон ч санасныг бодоход төл малын хорогдол багатай давлаа. Бог малын төллөлт үндсэндээ дууссан. Төл 99,1 хувьтай бойжиж байна. Өнгөрсөн жил бид 21000 га-д уринш боловсруулсан, хаврын тариалалт дөчөөд хувьтай үргэлжилж байна. Үүний зэрэгцээ ирэх оны уриншаа боловсруулна. Малын тэжээл, овьёос, царгасыг олон сум тариалж хэвшиж байна. Сүүлийн үед үрт тариа гэж нэрлэдэг гурвалжин будаа, рапс зэргийг үр тарианд оруулж тооцдог болсон. Түүнчлэн төмс, хүнсний ногооны тариалалтыг ид явуулж байна. Өнгөрсөн жил төмс, хүнсний ногооны ургац урьд жилээ бодвол гурав дахин илүү авсан. Манай ногоочид аймгийнхаа төмсний хэрэгцээг 100 хувь хангаж байна. Өнгөрсөн жил нийт хүнсний ногооны хэрэгцээний 50 хувийг хангасан дүн мэдээ гарсан. Тэгэхээр энэ жил төмс, хүнсний ногоогоо тэр хэмжээнд тариалах, нэмэгдүүлэхэд анхаарч байна. Би ажлаа хүлээж аваад анх зоорины бизнесийг дэмжинэ гэж хэлж байсан. Тиймээс зоорь барих хөдөлгөөн эхэлж, сүүлийн хоёр жилд зоориудын багтаамж 4000 тонноор нэмэгдсэн.

-     - Саяхан та хашаандаа ногоо тарьдаг иргэдэд үр тарааж байгаа зураг цахим орчинд түгсэн?

-Ойрын өдрүүдэд Хэрлэн сумын багуудад хүрч жижиг дунд, бичил бизнес эрхлэгчид, өрхүүд, иргэддээ жимс жимсгэнэ, хүнсний ногооны үр, суулгац өглөө. Аймгийн төвийн ногоо тарих хүсэлтэй өрхүүдийн ихэнхэд нь хүрсэн. Манай аймгийн брэнд бүтээгдэхүүн болж байгаа “хунчир” тарихыг уриалж, хүссэн иргэддээ өгсөн. Хунчир нь нэг ёсондоо хүн орхоодой юм. Хоёулаа адилхан буурцагт овгийнх. Эрдэмтэд монгол хунчирыг илүү эрүүл мэндийн үр ашигтай гэж нотолж байна. Манай аймагт анх тариалж эхэлсэн. Одоо бусад аймаг ихээхэн сурагладаг боллоо. Эрүүл мэнд, эдийн засгийн өндөр үр ашигтай гэдэг үүднээс хунчир тарих уриалга гаргасан.

-    -УИХ-ын нөхөн сонгуультай, улс төрийн халуун нурман дунд аймгийн ажил өрнөж байгаа. Энэ оны хагас жил гэхэд Ерөнхий сайд хоёр дахь удаагаа ажиллаад буцлаа. Саяхан манай аймагт Засгийн газар бүрэлдэхүүнээрээ ажилласан гэхэд хилсдэхгүй. Хэнтий аймагт бодитой ямар ажил шийдвэрлэв?

-Ерөнхий сайд Хэнтий аймагт долоо хоног ажиллалаа. Ихэнх суманд очсон. Нэг суманд Засгийн газрын 1-2 сайд ирсэн, зарим суманд 2-3 сайд ажилласан гэж тооцохоор нийлбэр дүнгээрээ 10 сайд ажиллажээ. Энэ ажлын үр дүнд томоохон хөрөнгө оруулалтууд орж, Хэнтий аймагт өрнөж байгаа бүтээн байгуулалтуудад хүч нэмлээ.

-     -Тухайлбал?


-Тухайлбал, 96 жилийн түүхтэй “Алтан гадас” одонт Лаборатори нэгдүгээр сургуулийн 1500 хүүхдийн суудалтай барилгыг шинээр барихаар боллоо. Энэ сургуулийн барилгын төсвийг ирэх оны улсын төсөвт суулгана. Төсвийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар ирэх оны төсөвт суулгах бүтээн байгуулалтын тендерийг урьдчилсан байдлаар зарлахаар зүйлчилсэн. Тэгэхээр энэ зуны 7, 8-р сард тендер нь зарлагдах боломжтой. 


Сүрьеэгийн эмнэлгийг шинээр барина, мөн ирэх оны төсөвт хөрөнгий нь суулгана гэдгээ ЭМ-ийн сайд илэрхийлсэн. Мөн Хэрлэн сумын гуравдугаар цэцэрлэгийн барилгыг 200 хүүхдийн суудалтай барихаа боловсролын сайд амаласан. Ингээд аймгийн төвөөс гадна Мөрөн, Норовлин сумын соёлын төв, Жаргалтхаан сумын сургууль, Өлзийт тосгоны эмнэлэг, Бэрх тосгоны дулааны станцыг шинээр барихаар болсон. Томоохноос нь дуулгахад энэ. Түүнчлэн Засгийн газрын танхимын 10 сайд өөр өөрийнхөө салбарын объектуудад их засвар, бүтээн байгуулалтын ажил өрнүүлэхээ мэдэгдсэн. Зарим ажлууд тухайн сайдын багцаас гарч энэ жилдээ шийдэгдэнэ. Тахилгат тосгоны эмнэлэгт 162 сая төгрөгийн төсөвт өртөг шаардлагатай байсан. Үүнийг Засгийн газрын хуралдаанаар оруулж шийдвэрлэлээ. Ер нь Ерөнхий сайдын айлчлал маш үр дүнтэй болж, эхнээсээ биелж байна.

-    -Манай аймагт энэ жил улсын төсвийн 50,4 тэрбум төгрөг, орон нутгийн төсөвтэйгөө нийлээд 60 гаруй тэрбум төгрөг тусгагдсан. Гэтэл 142,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт авлаа гэдэг дүн яваад байна?

-Улсын болоод орон нутгийн төсөвт нийтдээ 60 гаруй тэрбум төгрөг суусан. Өөрийн чинь асуудаг 142,3 тэрбум төгрөг бол Хэнтий аймагт хэрэгжиж эхэлж байгаа төсөл хөтөлбөрүүдийг нэмээд гарсан дүн юм. Тухайлбал, Азийн хөгжлийн банкны 19 сая ам.долларын төслөөр их эзэн Чингис хааны мэндэлсэн Дадал суманд “Тэнгэрийн хаан” хэмээх томоохон цогцолбор барих гэж байна. Кувейтийн сангийн буцалтгүй тусламжаар аймгийн Нисэх онгоцны буудлаа шинэчилнэ. Би гурван сарын өмнө Азийн хөгжлийн банктай 4 сая ам.долларын гэрээ үзэглэсэн. Үүгээр цэвэрлэх байгууламж барина. Дээр нь дулааны станц гэх мэтчилэн гадны төсөл, хөтөлбөрүүдээр хэрэгжих хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтаа нэмбэл зөвхөн 2019 онд Хэнтий аймагт 142,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт орно. Энэ нь нийт дүнгээрээ тооцвол бусад аймгаа тэргүүлж байна.

-      -Та УИХ-ын нөхөн сонгуульд өрсөлдөх үү? Сар гаруйн өмнө нөхөн сонгуульд өрсөлдөхгүй гэсэн мэдэгдэлдээ бат зогсох уу?

-Олон хүн надаас асууж байна. Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөр хуулийнхаа дагуу дөрвөн жилийн хугацаатай байдаг. Өмнөх сонгуульд өргөн барьсан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх хугацаа нь дуусаагүй атлаа нэр дэвших нь зохимжгүй. Хэнтий аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийг бүрэн эрхийнх нь хугацаанд бүрэн биелүүлэх хариуцлага хүлээсэн албан тушаал учраас урдах ажлаа нугалах нь миний амин чухал асуудал.

-    -Та Ерөнхий сайдын айлчлалын үеэр У.Хүрэлсүхийн Засгийн газрын хоёр шийдвэрийг онцолж байсан. Нэг нь эдийн засгийн сэргэлт, нөгөө нь шударга ёсны тэмцэл гэж?

-У.Хүрэлсүхийн Засгийн газрын хоёр том зорилтын нэгдүгээрх нь эдийн засгийн хямралыг арилгаж, эдийн засгаа “Эмнэлгийн орноос” босгох зорилт. Үүнийгээ сайн хэрэгжүүлж байна. Хоёрдугаарх нь “Шударга ёс”-ны тэмцэлд ханцуй шамлаж орсон явдал. Энэ бол түүхэн тэмцэл. Улс хэчнээн сайн эдийн засагтай байгаад үр шим нь ард иргэд, айл өрхийн амьжиргаанд нөлөөлдөггүй хэдхэн гэр бүл, уул, уурхайн эзэд, олигархууд, цөөн хүн баяжаад байдаг. Ийм гаж буруу тогтолцоог, олигархуудыг, луйварчдын сүлжээг үндсэндээ нурааж унагах, сүйрүүлэх ийм том тэмцлийг У.Хүрэлсүхийн Засгийн газар ард түмний дэмжлэгтэйгээр өрнүүлж байна.

-  -Та 42-р тойргийн нөхөн сонгуульд өрсөлдөхгүй, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг нэр дэвших талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр онцлох боллоо. Хэнтий аймгийн МАН-ын даргын хувьд ямар байр суурьтай байна вэ?

-Удахгүй МАН бага хурлаа зарлаж, нэр дэвшигчээ тодруулна. Ерөнхий сайд хэрвээ нэр дэвшээд гараад ирвэл манай аймгийн хувьд илүү өгөөжтэй. Хөрөнгө оруулалт, хөгжилд ч тэр. У.Хүрэлсүх бол Хэнтий аймгаас гарсан боловсон хүчин. Хоёр ч удаа аймгаасаа сонгогдож өндөр хүчдэл, дэд бүтэц хөгжүүлэхэд, олон арван нийгэм, соёлын байгууламж барихад хувь нэмрээ оруулсан хүн. Ард иргэд маань ч харж, хүлээж суугаа. 

-   -Түүнийг Хэнтийд ажиллах үеэр нутагтаа оруулсан хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг ажил хэрэг болгох хариуцлагатай үүргийг хүлээж үлдэх болно гэдгээ та мэдэгдсэн. Үүнтэй холбоотой юу?

-Ерөнхий сайд айлчлалын үеэрээ, “Би Хэнтий аймагтаа өртэй хүн. Аймгийн маань ард түмэн намайг улс төрд илгээсэн. Миний өнөөдрийн ерөнхий сайд болсон маань Хэнтийн ард, зон олны дэмжлэг байсан гэж илэрхийлээд хөрөнгө оруулалт орох ёстой” гэж Дадал сум хүртэл явж, олон асуудлыг шийдвэрлэсэн. Тиймээс би, энэ олон бүтээн байгуулалтыг ажил болгоно гэдэг хариуцлага, аймгийн даргын гардан хийх ажил юм. Томоохон хариуцлага бидэнд оногдлоо гэж хэлсэн. Үндсэндээ Хэнтий аймаг хуучирч муудсан, актлагдсан байшин барилгуудаа бүгдийг нь шинэчилж дуусч байна. Одоо хамгийн том асуудал бол Хан Хэнтий чуулгын байшин. Буруу барьсан булан өнцгийг нь буулгахаас эхэлнэ. Суурь нь мурийчихсан барилга дээр хэчнээн ч өнгө, будаг тавиад нэмэргүй. Тэгэхээр үүнийг засварлаж, сэлбэж бүрэн бүтэн ашиглалтад оруулна. Шинээр барих олон барилга, байгууламжийн бэлтгэл ажлыг хийгээд явж байна. Ирэх онд барих хөрөнгө оруулалтууд бий. 2020 он хүртэл Хэнтий аймагт 100 гаруй тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт өрнөнө. Хамгийн томоохон нь аймгийн төвөөс зүүн тийшээ Эзэн Чингисийн өлгий нутаг Дадал сум руу 250 км зам тавих ажил. Уг нь бид шороон замаар 270 км явдаг. Шинэ зам тавихад 246 км орчим зураг төсөл гарсан. Үүний 20 км-ийг нь улсын төсвөөр энэ жил барина. Үлдсэн нь Арабын сангаас санхүүжигдэнэ. Мөн Бор-Өндөр- Даланжаргалан чиглэлийн 45 км зам, аймгийн төвийн 10 гаруй км зам бий.

-    - Монгол Улсын Засгийн газраас Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс нутаг, Хөвсгөл аймгийг байгалийн аялал жуулчлалын бүс нутаг болгон зарласан. Эзэн Чингис хааны түүхтэй холбоотой ямар барилга байгууламжууд манайд барих вэ?

-Засгийн газраас шийдвэр гарч, Ерөнхий сайд айлчлалынхаа үеэр баримт бичгээ гардууллаа. Хэнтий аймаг түүхэн аялал жуулчлалын бүс нутаг болж, төр засгийн дэмжлэг авч байгаа сайхан боломжийг ашиглаад бид бүтээн байгуулалтын ажлаа эрчимжүүлэх ёстой. Дэлхийд бүхэлд нь хяналт тавьж байсан Эзэн богд Чингис хаан, түүний төрөлх нутаг, өлгий нутаг, их үйл хэргийнхээ ихэнхийг энэ газар нутаг дээр явуулсан нь маргашгүй үнэн. Тиймээс агуу түүхт газар нутагтаа бид бөмбөрцгийн хүн ард хүрэлцэн ирж үзэхүйц бүтээн байгуулалтууд хийх шаардлагатай. Тиймээс аймгийн төвөөс зүүн тийшээ 100 км-т Батноров суманд “Хөлөг боорчи-Андлалын өргөө” цогцолборыг 2018 онд эхлүүлсэн. Энэ онд хүлээн авна. Хүн харахад хөшөө шиг харагдах 18 метр, зургаан давхар байшингийн өндөртэй ордон босно. Биндэр суманд байгуулж буй “Их хуралдай” ордыг мөн энэ ондоо ашиглалтад оруулна. Дээр дурдсан хоёр томоохон цогцолборуудаас гадна Тэнгэрийн хаан цогцолборыг Дадал сумаасаа 4 км-ийн зайтай барина. Ерөнхий сайд У.Хүрэлсүх бид нар 2004 онд УИХ-ын гишүүн байхдаа Дадал сумын нисэх буудлыг жаахан зайдуухан байгуулж байлаа. Түүнийгээ “Дэлүүн болдог” гэж нэрийг нь өөрчилсөн. Дэлүүн болдог нисэх буудлын ТЭЗҮ-г Зам тээврийн яам боловсруулж, Ерөнхий сайдад танилцуулахаар боллоо.

Бид Эзэн Чингисийн өлгий нутаг гэдгээ дэлхий нийтэд тунхаглахын тулд google-map дээр анхны өгүүлбэрүүдээ тавьж эхэлсэн. Дээрээс нь нийгмийн сүлжээгээр Хэнтий аймаг бол Чингис хааны өлгий нутаг. Тэр нь Монгол Улсын аймаг гэх мэтчилэнгээр дэлхий нийтийн анхаарлыг татах олон ажлыг эхлүүлж байна. Гаднынхан Чингис хааныг цөмөөрөө мэддэг хэрнээ аль улсын хаан гэдгийг нь мэддэггүй. Өвөрмонголчууд Ордост Чингис хаан ташуураа унагасан гэх домог зохиогоод тэндээ нэг жилд 10 гаруй сая жуулчин хүлээн авч байна. Тэгэхээр манай улс сурталчилгааны арга хэлбэртээ маш сайн анхаарах хэрэгтэй. Түүхэн аялал жуулчлалын бүс нутгийн хүрээнд дэд бүтцээ сайжруулаад замын асуудлаа шийдвэрлэвэл жуулчид ирэх бололцоотой болно. Одоогоор зочид буудал, дэлгүүр, худалдааны төвүүдийн үйлчилгээний стандартаа сайжруулах, Хэрлэнгийн гүүрнээс нааш боловсон бие засах газартай болох гэх мэтчилэн анхан шатны ажлуудаа гүйцэтгэж эхэллээ. Түүхэн аялал жуулчлалын бүс нутгийн маршрутыг тойрог хэлбэртэй явуулахаар ерөнхий төлөвлөгөө нь гарч байна.

-    - Увс аймгийнхан УВС нэгдэл, “UBS” нам гэдэг шиг “Хэнтийчүүд” гэсэн үзэл санаа, нутгаа гэсэн сэтгэл иргэдийнх нь хандлага өөрчлөгдөж эхэлж байгаа нь анзаарагдаж эхэллээ.

-Увс аймгийнхныг UBS гэж нэрлээд тэдний зохион байгуулалтыг нь янз бүрээр ярилцдаг шүү дээ. Шүүмжилнэ, сайшаана. Үнэхээр хамтарч ажиллаж чаддаг гэж магтдаг. Манай Хэнтийнхнийг нутгаа гэсэн үзэлгүй, хамтарч нэгдэж чаддаггүй гэж шүүмжилж л ирсэн. Гэтэл яг нарийндаа байдал өөрчлөгдөж байгаа. Бид залуучууддаа хөгжил дэвшилд хүрэхэд хамтрах хэрэгтэй гэдгийг хэлж байна. Энэ бол жалга довны үзэл биш. Хан Хэнтий аймгаа хамтарч хөгжүүлэх ёстой учраас хэнтийчүүд хүчээ нэгтгэе гэсэн сайхан үзэл санааны үндсэн дээр үүдсэн уриалга. “Хан Хэнтийн Хөгжил” гэдэг малгайн доор хэнтийчүүд маань нэгдэцгээе гэж уриалж байна.

-     -Нутгийнхаа ард иргэдэд хандаж юу гэж хэлэх вэ?

-Бид Эзэн Чингисийн өлгий нутгийн ард зон олон. Чингис хааны үр сад Сэцэн хан аймгаа 1550 онд байгуулж, гал голомтоо сахиж ирсэн юм. Дэлхийд бүхэлд нь дэглэм тогтоож явсан аугаа хүний өлгий нутгаараа, түүхийн эгзэгтэй үеүдэд тодрон гарч ирсэн зоригт хөвгүүдээрээ, томоохон өөрчлөлт шинэчлэлтийн туг нь болж явсан зон олноороо бахархаж байна. Жишээлбэл, Сэцэн хан аймаг, Хан Хэнтий уулын аймгаас Ардын хувьсгалын анхны долоогийн дөрөв нь өндийж боссон. 1990 онд нийгмийн байгууллыг өөрчилж, ардчилсан тогтолцоонд шилжихэд санаачлагч залуучуудын ихэнх нь Сэцэн ханыхан, Тэр дундаа ардчилсан нийгмийн анхны Ерөнхий сайд нь Хэнтий аймгийн Биндэр сумын Дашийн Бямбасүрэн гуай байлаа. Зон олон минь цаг цагийн хуудсанд хөгжил дэвшлийн манлайд явж ирсэн сайхан уламжлалаа цааш нь үргэлжлүүлэх түүхэн үүрэг бидэнд оногдож байна. Тиймээс өнөөдөр ид өрнөж байгаа улсын эдийн засгаа хөл дээр нь босгох, шударга ёсны үнэн тэмцэлд Хэнтийчүүд манлайлах ёстой.

Холбоотой мэдээ