Орхан Памук Туркт Анна Каренинагийн музей нээхийг хүсэж байна

Дэлхийд | Соёл урлаг
Jargal.d@montsame.mn
2019-05-29 16:51:14

АНКАРА. /RIA Novosti/. Нобелийн шагналт зохиолч Орхан Памук “Гэм зэмгүйчүүдийн музей”-тэй адил Лев Толстойн Анна Каренина романы гол дүр Анна Каренинагийн музейг Туркийн Истанбул хотод нээхийг хүсэж байгаагаа РИА Новости агентлагт мэдээлжээ.


Памук “Гэм зэмгүйчүүдийн музей”-гээ уг музейтэй ижил нэртэй романых нь үйл явдал өрнөдөг Истамбул хотын дүүрэгт 2012 онд нээжээ. Зохиолд ядуу тарчиг холын хамаатан Фюсундаа дурласан Истанбулын чинээлэг оршин суугч Кемаль гэдэг залуугийн хайр дурлалын түүхийн тухай өгүүлдэг байна.


“Би Анна Каренинагийн музейг нээхийг маш их хүсэж байна. “Гэм зэмгүйчүүдийн музей” романаа анх дараа нь музей байгуулах бодолтойгоор бичсэн. Гэхдээ "Анна Каренина" бол яг романы хувиар л бичигдсэн, Толстой музейн тухай огт бодоогүй. Харин би ингэж бодож байна, хэрэв Анна Каренинагийн музейг байгуулаад, тэнд түүний даашинзыг тавиад, Аннагийн суусан галт тэргийг, түүний барьж явсан улаан цүнхийг зурвал... энэ музейд XIX зууны 70-аад оны үед Аннаг тойрч байсан Оросын бодит амьдралыг харуулж болно” гэж зохиолч ярьжээ.


Памук бол Туркийн хамгийн алдартай зохиолч бөгөөд 2006 онд Утга зохиолын төрөлд Нобелийн шагнал хүртсэн юм. Түүний  зохиолуудыг дэлхийн 50 гаруй хэлнээ хөрвүүлжээ.


 

Холбоотой мэдээ