Хаягдал цаасны орлогоор хүүхдүүд баярлуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн БОАЖГ-аас "Хандлагаа өөрчилье" уриан дор хаягдал цаас цуглуулах аяныг санаачлан зохион байгуулж, орлогоор нь Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран хүчирхийлэлд өртсөн, зорилтот бүлгийн өрхийн хүүхдүүдэд бэлэг гардуулжээ.
Хэнтий аймаг ногоон хөгжлийг эрхэмлэсэн бодлогын баримт бичгээ батлуулсан анхны аймаг. Тиймээс БОАЖГ-аас Ногоон амьдралын хэв маяг, дадлыг олон нийтэд төлөвшүүлэн, байгалийн нөөц баялгийг хэмнэлттэй, үр ашигтай, зохистой ашиглах зорилгоор энэхүү аяныг өрнүүлсэн байна.
Аяныг дэмжиж, тус аймгийн ЗДТГ, ХХААГ, МСҮТ, Архивын тасаг, Орон нутгийн өмчийн газрууд идэвхтэй оролцож нийт зургаан сарын хугацаанд хоёр тонн хаягдал цаас төвлөрүүлжээ.