Монгол энхийг сахиулагчдын ачаар дүрвэгсэд орон нутагтаа буцах болжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-03-30 12:23:41

UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй тавдугаар ээлжийн мотобуудлагын батальоны хурандаа Б.Баатар захирагчтай бүрэлдэхүүн энхийг сахиулах үндсэн үүргээсээ гадна орон нутагт иргэн-цэргийн харилцааг бэхжүүлсэн арга хэмжээг зохион байгуулсаар байна.

Батальоны захирагчийн орлогч, дэд хурандаа Ж.Мөнхбаяраар ахлуулсан бүрэлдэхүүн энэ сарын 24-25-нд Лийр, Адок, Тонёор суурингийн иргэдэд урлагийн цогц арга хэмжээг зохион байгуулжээ.

Тэд Монгол Улсын танилцуулга, үлээвэр найрал хөгжим, жагсаал, гардан тулааны үзүүлэх тоглолт, үндэсний бөхийн барилдааны үзүүлбэр зэрэг олон сонирхолтой урлагийн номеруудыг 10 мянга орчим иргэдэд толилуулснаас гадна эрүүл мэндийн үзлэг, үйлчилгээг 100 гаруй орон нутгийн иргэдэд үзүүлсэн байна. 

Мужийн даргийн орлогч Саймон Чуол Биеэл "Монголын энхийг сахиулагчид манай сууринд ирж байрлан эргүүл хийж эхэлснээс хойш цагийн байдал харьцангуй тайван болсон. Иргэд орон нутагтаа буцан ирж, мал аж ахуй, газар тариалангаа эрхлэх болсон. Хүмүүсийн амьдрал ахуй ч өдөр өдрөөр дээшилж байна. Энэ бол энхийг сахиулагчдын ач тус юм” хэмээн туйлаас их баярлаж буйгаа илэрхийлжээ. Иргэд орон нутагтаа буцан ирж, мал аж ахуй, газар тариалангаа эрхлэх болсондоо баяртай байна.

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ