Ногоон байгууламжийн хяналтын цэгийг байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2019-06-09 19:34:23

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн төвийн ногоон байгууламжийг гурван байгууллага хариуцдаг. Сүхбаатар ойжуулалт ОНӨҮГ-ын хариуцаж байсан 7700 гаруй модны 35 орчим хувийг нь мал идэж  устаж үгүй болгожээ. Тус газраас энэ оны дөрөвдүгээр сараас нөхөн тарилтыг эхлүүлж, шинээр 1800 модыг суулгажээ. Улмаар модыг хамгаалах зорилгоор Баруун-Урт сумын гурван хэсэгт “Ногоон байгууламжийн хяналтын цэг”-ийг байгууллаа.

Тус цэг нь өдөр бүр ажиллах бөгөөд Сүхбаатар ойжуулалт ОНӨҮГ-ын ажилчид хуваарийн дагуу жижүүрт гарч, аймгийн төврүү мал орохоос хамгаалах, мөн орсон малыг хөөж гаргах ажлыг хийх юм.

Аймгийн Засаг даргын 2019 оны А/247 дугаар захирамжаар аймгийн төвөөс мал гаргах ажлыг эрчимжүүлэх үүргийг холбогдох байгууллагуудад хүргүүлсэн. Үүний хүрээнд манай газраас санаачлан тус хяналтын цэгийг ашиглалтад оруулаад байна. Ер нь аймгийн төвийн модны ургалт муу байгаа нь мал их байгаатай л холбоотой. Бүтэн өдөржин суулгаж арчилсан модыг маргааш нь ирэхэд сугалаад авчихсан, эсвэл хугалчихсан байдаг. Тиймээс малтай тэмцэх ажлыг сайн хийхгүйгээр ногоон байгууламжийг сайжруулна гэж байхгүй. Бид ажлаа эхлэх хугацаанаас нэг сарын өмнө эхлүүлсэн. Үүний үр дүнд одоогоор хуучин болон шинэ модны ургалт сайн байна. Бидэнд тулгамдаж буй дараагийн асуудал бол усалгааны машин. Одоогоор манай байгууллага нэг л усалгааны машинтай. Нэг машин тойроод явсаар байтал нэг модон дээр бараг 10 хоногийн дараа дахин ирж байгаа юм. Тиймээс цаашид өөрсдийн нөөц бололцоог ашиглан жижиг оврын усалгааны машинтай болохоор зорин ажиллаж байна гэж Сүхбаатар ойжуулалт ОНӨҮГ-ын дарга Г.Идэрмөнх хэлэв.

Холбоотой мэдээ