Орос, Монгол, Хятадын тээврийн харилцааг сайжруулахыг уриалжээ

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2019-06-14 20:38:11

БИШКЕК. /TASS/. Орос, Монгол, Хятад улсын тээврийн дэд бүтцийн уялдаа холбоог ОХУ нэмэгдүүлэх сонирхолтой байна. Энэ тухай ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга, БНХАУ-ын дарга Си Жиньпин нартай ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын хүрээнд уулзахдаа мэдэгджээ.


“Бидний хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл бол бүс нутгийн тээврийн дэд бүтцийг сайжруулах асуудал юм. Бид гурван улсын уялдаа холбоог нэмэгдүүлэх, бараа бүтээгдэхүүн, хөрөнгө, үйлчилгээний хил дамнасан чөлөөт хөдөлгөөнийг бий болгох сонирхолтой байна. Улаанбаатар төмөр замд тулгуурлан тээврийн зурвасыг шинэчлэх төлөвлөгөө нь онцгой ач холбогдолтой гэж бид үзэж байна” гэж ОХУ-ын Ерөнхийлөгч хэллээ. Дамжин өнгөрөх тээврийн энэхүү гол замын нэвтрүүлэх хүчин чадлыг талууд нэмэгдүүлэх сонирхолтой байгааг тэрбээр мөн нэмж хэлжээ. 


В.Путиний онцлон тэмдэглэснээр, олон улсын авто тээврийн тухай гурван талын хэлэлцээрийг хэрэгжүүлэх нь дамжин өнгөрөх хүчин чадлыг бүрэн дүүрэн ашиглах боломж олгоно. Өмнө нь байгуулсан баримт бичгийн ачаар “Орос, Хятад болон Монголын жолооч нар, ачаа тээвэрлэгчид хялбаршуулсан журмаар хилээр нэвтрэх, гурван улсын нутаг дэвсгэрээр улсынхаа бичиг баримт болон бүртгэлийн тэмдэгтэй явах боломжтой болсныг” тэрбээр сануулан дурдсан байна.


В.Путин мөн БНХАУ болон Монгол Улсын эрчим хүч дутагдалтай бүс нутгуудад ОХУ эрчим хүч тасралтгүй нийлүүлэхэд бэлэн гэдгийг мэдээлсэн байна.


Холбоотой мэдээ