Египетийн Ерөнхийлөгч асан Мухаммед Мурси зүрхний шигдээсээр нас баржээ

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2019-06-18 11:12:19

КАИР. /TASS/. Египетийн Ерөнхийлөгч асан Мухаммед Мурси зүрхний шигдээс болсны улмаас нас барсан гэж тус улсын төрийн мэдлийн телевиз эх сурвалжуудын мэдээллээс иш татан уламжилжээ. Египетийн Ерөнхийлөгч асан даваа гарагт тагнуул хийсэн хэрэгтэй нь холбогдох шүүх хурлын үеэр нас барсан байна.


Эх сурвалжуудын хэлснээр, Мурси хоргүй хавдартай байсан бөгөөд түүнд эмнэлгийн тусламж тогтмол үзүүлдэг байжээ.


Мурси шүүх хуралдааны танхимд завсарлагааны үеэр ухаан алдан унаж, ухаан оролгүй нас барсан байна. Үүнээс хэдхэн минутын өмнө тэрбээр шүүх хуралдаанд таван минутын үг хэлсэн байжээ.


Мурси унадаг өвчин туссаныг нотолсон эмнэлгийн бичгийг түүний өмгөөлөгчид 2014 онд шүүхэд өгч байсан байна. Өмнө нь тэрбээр тархины мэс засал хийлгэж байсан бөгөөд дараа нь үе үе унадаг болсон аж. Ийм оноштойгоор шоронгийн ганцаарчилсан өрөөнд хоригдох боломжгүй учир түүнийг гэрийн хорионд шилжүүлэх хүсэлтийг өмгөөлөгчид нь тавьж байсан байна.


“Лалын ахан дүүс” хөдөлгөөнийг дэмжигч Мухаммед Мурси 2012 онд Египетийн ерөнхийлөгчийн сонгуульд ялсан боловч жилийн дараа ард олны бослого хөдөлгөөний үеэр цэргийнхний нөлөөгөөр унасан юм. Энэ жил тэрбээр 68 нас хүрэх байжээ.


Мурсиг төрийн эрхнээс зайлуулсны дараа түүнийг Катар, ХАМАС хөдөлгөөний талд тагнуул хийсэн, улсаасаа урвасан, жагсагчид руу халдсан зэрэг хэд хэдэн хэрэгт буруутгаж эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Зарим хэргээр нь түүнд цаазаар авах ял болон бүх насаар нь хорих ял оноосон боловч дахин хянуулахаар буцаажээ.


Холбоотой мэдээ