Соёлын өвийг гамшиг, эрсдэлээс хамгаалах сэдвээр хэлэлцэж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өв соёлын түүхэн дурсгалт барилга, байгууламжийг хамгаалахад болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар БНСУ-аас туршлага солилцох хэлэлцүүлэг болж байна. Уран зургийн галерейд өнөөдөр эхэлсэн “Соёлын өв-архитектурын дурсгалыг гамшиг, эрсдэлээс хамгаалах нь” сэдэвт хэлэлцүүлгийн үеэр, БНСУ-ын Соёлын өвийн судалгааны үндэсний хүрээлэнгийн Аюулгүй ажиллагаа гамшгаас сэргийлэх хэлтсийн гурван мэргэжилтэн өөрийн улсын туршлагыг танилцуулав.
Хоёр өдөр үргэлжлэх энэ зөвлөгөөн манай улсын соёлын өвд, тэр дундаа архитектурын дурсгалд гамшгийн эрсдэл тохиосон үед хэрхэн ажиллах, бэлэн байх, урьдчилан хамгаалах талаар мэргэжлийн байгууллагуудтай хамтын ажиллагааг бий болгоход чиглэж буй юм. Түүнчлэн манай улсын мэргэжилтнүүд соёлын өвд хамаарах эртний түүхэн дурсгалт барилгын сэргээн засварлалт хийх БНСУ-ын арга зүйгээс хуваалцаж байна.
Тус улс соёлын өвд хамаарах 10 мянга орчим барилга байгууламжтай ба ихэнх нь модон хийцтэй тул гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхэд ихээхэн анхаардаг байна. Учир нь, ихэнх барилга байгууламж нь модон дунд байрладаг аж. Улсын төсвөөс гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр илүү их хөрөнгө оруулалт хийдэг аж.
Энэ хүрээнд дурсгалт газрын ойролцоо хиймэл нуур байгуулах, гал түймэр унтраах машин ороход саадгүй байх, радио дохиолол зэргийг суурилуулах, галд өртсөн байгууламжийн хэсгийг авч хадгалан дараа нь сэргээн засварлахад ашигладаг зэргээр ажилладаг тухайгаа БНСУ-ын Соёлын өвийн судалгааны үндэсний хүрээлэнгийн Аюулгүй ажиллагаа, гамшгаас сэргийлэх хэлтсийн ахлах судлаач Кан Хюн ярив.
Өмнөд Солонгост 2008 онд улсын хамгаалалтын жагсаалтад нэгт бичигддэг түүх соёлын дурсгалт Сүн рэ мүний хаалганы дээвэр шатсанаас болж олон хүн цочирджээ. Уг түүхэн дурсгалт барилгын дээвэр бүхэлдээ шатсан ба галаас үлдсэн дээврийн хэсгүүдийг цуглуулж, хаалганы бүх хэсэгт задлан шинжилгээ хийн өмнөх үеийн зураг төслийг нь боловсруулснаар дахин хуучин төрхийг нь сэргээх боломж бүрджээ. Үүнтэй адил манай улсад буй сүм дугануудын зураг төслийг БНСУ-тай хамтран дижитал технологи ашиглаж зургаар баримтжуулах ажлыг эхлүүлсэн байна.