"Сэргээе-урагшлая" сэдэвт азийн буддистуудын хурал болж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-06-22 14:24:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Азийн буддистуудын энх тайвны бага хурлын XI ерөнхий чуулган энэ сарын 21-23-нд Улаанбаатар хотод болж байна. Бага хурлын нээлт  Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Батцагаан цогчин дуганы өмнөх талбайд болж, Энэтхэг, Солонгос, Орос, Шри-Ланка, Япон зэрэг улс орны 14 үндэстний 150 гаруй зочин, төлөөлөгч, сүсэгтэн олон оролцлоо. 

Азийн буддистуудын энх тайвны бага хурал энх тайвныг дэлхий нийтэд тунхаглахын төлөө 1970 оноос хойш 10 удаа хуралджээ. Мөн НҮБ-д бүртгэлтэй цөөн шашны байгууллагын нэг бөгөөд нэгдсэн удирдлагын төв нь Монгол Улсад байрлан Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц ерөнхийлөгчөөр нь ажилладаг юм.

Энэ удаагийн ерөнхий чуулганыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод “Сэргээе-урагшлая” уриатайгаар 50 жилийн түүхэн ойг тохиолдуулан зохион байгуулахаас гадна энэ сарын 22-23-нд чуулганы хүрээнд “XXI зууны буддын өв соёл, үнэт зүйлс” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болох юм байна.

Энэ хурлын нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга мэндчилгээ дэвшүүлж, дэлгэрэнгүй үг хэлсэн. Тэрбээр,  Хүн төрөлхтний оршихуйн хамгийн үнэт зүйл болсон энх тайвныг сахин хамгаалахад  Бурханы ариун сургаалийн цогц-буддизмын үзэл номлолыг дэлхий дахинаа түгээн дэлгэрүүлж, эрдэм мэдлэг, энэрэл нигүүслийг эрхэмлэн, уламжлалт  өв соёлоо дээдлэн хөгжүүлэх Азийн улс орнуудын эрмэлзэл, эв санаан дор нэгдэж анх чуулсан Азийн Буддистуудын энх тайвны бага хурлын 50 жилийн ой тохиож байна. Тус хурлыг 1969 оны 7 дугаар сарын 14-ний өдөр үүсгэн байгуулах шийдвэр гарч, анхны  хурлаа 1970 онд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулсан бөгөөд анхны Ерөнхийлөгчөөр нь Монгол Улсын иргэн, номч мэргэн гавж, хамба лам Самаагийн Гомбожав  сонгогдон 20 гаруй жил ажилласан түүхтэй байдаг юм байна.

Монгол Улсын төр засгаас Азийн буддистуудын энх тайвны бага хурлыг ямагт дэмжсэн явдал нь тус хурал даян дэлхийн энх тайвны үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулснаас гадна энх тайвныг дэлхий нийтэд тунхаглахын төлөөх монголчуудын оруулж буй чухал хувь нэмэр байсан бөгөөд энэхүү оролцоо өнөөдөр ч үгүйлэгдэх үнэ цэнтэй хэвээр байна.

1970 оноос хойш Азийн буддистуудын энх тайвны бага хурал 10 удаа хуралдсан байдаг бөгөөд 1972 онд Шри Ланка улсад, 1974 онд Энэтхэгт, 1976 онд Японд, 1979, 1982 онд Монголд, 1986 онд Лаост, 1990, 1998 онд Монголд,  2003 онд Лаост тус тус хуралдаж энх тайван эв нэгдэл энэрэнгүй үйлсийн тунхаглалаа дэлхийн сонорт хүргэснийг дурдан санахад илүүдэхгүй ээ.

Монгол Улсын төр засаг, түүний хууль тогтоох төрийн дээд байгууллага УИХ-аас жил бүрийн Зуны тэргүүн сарын Шинийн 15-ны Бурхан багшийн Их дүйчин өдрийг “Олон нийтийн баяр, амралтын өдөр” болгох хуулийн төслийг санаачлан дэмжиж, анхааран ажиллаж байна. Өвөг дээдэс, өнгөрүүлсэн түүхээ дээдэлдэг, буян нүглийг зааглан ялгах ухаанаар алдаа оноогоо шүүн дэнсэлдэг, наминчилдаг,амьтай үртэй  бүхнийг энэрэн хайрлах сэтгэлээ хөгжүүлэн дадуулж сайн үйлсэд шамддаг нэгэн өдрийг бүх нийтээрээ Ёс суртахууныг эрхэмлэсэн өдөр болгож тэмдэглэн өнгөрүүлдэг Азийн орнуудын жишгээс суралцаж буйдаа Монголын ард түмэн бид баяртай байна” хэмээн тэмдэглэсэн юм.

Өнөөдөр Азийн буддистуудын хурал үргэлжилж, үндсэн илтгэлүүдээ хэлэлцэж байна.


Холбоотой мэдээ