Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын хуульчдын төлөөллийг хүлээн авч уулзав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монголын хуульчдын холбооны урилгаар манай улсад ажиллаж буй ОХУ-ын Хуульчдын холбооны тэргүүн В.В.Блажеев тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ авлигын хэрэг илрүүлж, шийдвэрлэх талд сайн ажиллаж байгааг дурдаад, энэ чиглэлийн туршлагатай хуульчдын баг Монголын хуульчидтай хамтран ажиллах гэж байгаад олзуурхаж буйгаа илэрхийллээ. Монголын нөхцөлд уул уурхайн салбарын авлигал хийгээд авлигалын мөнгө улс төрд орж, оффшор бүст байрлаж байгаа зэрэг ярвигтай, эвлэрч болохгүй асуудалд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга шүүмжлэлтэй ханддагаа тэмдэглээд, Монголын хуульчдын холбоотой илүү нягт хамтран ажиллаж, арга туршлагаа хуваалцана гэдэгт найдаж буйгаа илэрхийлэв.
Уулзалтад ОХУ-ын Хууль зүйн дэд сайд Д.В.Новак, Ерөнхий прокурорын орлогч, цэргийн ерөнхий прокурор В.Г.Петров, Улсын дээд шүүхийн эдийн засгийн маргааны асуудлыг шийдвэрлэх танхимын шүүгч Е.Е.Борисов, мөн тус улсын Хуульчдын холбооны тэргүүн В.В.Блажеев, зөвлөлийн гишүүн, олон улсын хамтын ажиллагааны комиссын дарга Е.О.Будяков нар оролцов.
ОХУ-ын Хуульчдын холбооны тэргүүн В.В.Блажеев тэргүүтэй нийт 17 төлөөлөгч энэ сарын 22-27-ны өдөр Монгол Улсад ажиллах юм.