Эрүүл мэндийн дэд сайд ДЭМБ-ын төлөөлөгчдийн хамт Дундговь аймагт ажиллалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-06-26 15:45:04
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др Такeши Касайн, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица нар Дундговь аймагт ажиллалаа.

Тэдгээр төлөөлөгчид ДЭМБ-аас Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний мобайл болон мэдээлэл технологийн тоног төхөөрөмж, урвалж оношлуур зэрэг 30 гаруй тоног төхөөрөмжийг тус аймгийн ЭМГ болон Адаацаг суманд тус тус хүлээлгэн өгчээ.

Дээрх тоног төхөөрөмжийг ашигласнаар “Хүн төвтэй эрүүл мэндийн цогц тусламж үйлчилгээ”-г алслагдсан, төв, орон нутгийн эмзэг бүлгийн хүн амд гэрийн эргэлттэй хосолсон явуулын хэлбэрээр хүргэж, эх, хүүхдийн эрүүл мэнд, халдварт болон халдварт бус өвчний үзлэг, эрт илрүүлгийн мобайл технологи болон хурдавчилсан оношлуур, эмнэлгийн нэн шаардлагатай бусад тоног төхөөрөмж ашиглан цаг алдалгүй үзүүлэх боломж бүрдэж байна.

Ингэснээр эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, хүн амын ялангуяа эмзэг бүлгийнхний эрүүл мэндийн байдлыг сайжруулахад чухал ач холбогдолтой ажээ.

Аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ энэхүү үйл ажиллагааны үеэр хэлсэн үгэндээ “ДЭМБ-тай хамтран хэрэгжүүлэх стратегид тусгасан эрүүл мэндийн системийг бэхжүүлж, Мянганы хөгжлийн зорилтуудад заасан эрүүл мэндийн түвшинд хүрэх үйл ажиллагааг эрчимжүүлж, вакцинжуулалтаар урьдчилан сэргийлж болох өвчний хяналтыг сайжруулснаар эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангах, орчны эрүүл мэндийн менежментийг сайжруулахаар дэвшүүлсэн тэргүүлэх зорилтуудыг бодлого, төлөвлөлтөндөө тусган, хэрэгжүүлж ажиллах болно” гэдгээ мэдэгджээ.

Холбоотой мэдээ