Ховд аймагт “Архинд үгүй гэж хэлье” аян өрнөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-06-28 17:06:21

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн ИТХ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл \ГХУСАЗСЗ\, Цагдаагийн газар, Дэлхийн зөн ОУБ хамтран “Архинд үгүй гэж хэлье” сэдэвт нэг сарын хугацаатай аян өрнүүлж байна.

Ховд аймаг дахь Цагдаагийн газарт энэ оны эхний хагас жилийн байдлаар 194 гэмт хэрэг бүртгэгдсэн. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 42 хэргээр буюу 27,6 хувь өсчээ. Нийт бүртгэсэн гэмт хэргийн 19 хувь нь согтууруулах ундааны зүйл  хэрэглэсний  улмаас үйлджээ. 

Тиймээс энэ удаагийн аяны үйл ажиллагаа “Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль”-ийн хэрэгжилтийг хангах, согтуугаар үйлдэж байгаа гэмт хэрэг,  зөрчлөөс урьдчилан сэргийлэх,  бууруулах, таслан зогсооход  чиглэж байна.

Энэ ч утгаараа холбогдох байгууллагуудын зүгээс нийгмийн хэв журам хамгаалах, цаашлаад архи, согтууруулах ундааны зүйлээс татгалзах сэтгэлгээ, дадлыг иргэдийн дунд бий болгох, хууль тогтоомж тайлбарлан таниулах зорилгоор “Архинаас татгалзъя” вакуумжуулсан сургалтыг  үе шаттай зохион байгуулж байна. 

Одоогийн байдлаар Ховд аймгийн Жаргалант, Алтай, Зэрэг, Манхан, Ховд, Дарви, Буянт, Мянгад сумын иргэд сургалтад оролцож, согтууруулах ундааны хэрэглээг багасгах, архинаас татгалзах дадал бий болгох сэтгэл зүйн зөвлөгөө авчээ. Мөн согтууруулах ундааны сэтгэцэд үзүүлэх нөлөөлөл, түүнээс урьдчилан сэргийлэх арга зам, хувь хүний хөгжил, оролцооны талаар мэргэжилтнүүд мэдээлэл хийсэн байна.   







 

Холбоотой мэдээ