Орон нутгийн удирдлагуудтай цахим хурал хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2015-09-18 18:27:06

Өвөлжилтийн бэлтгэл хангуулах, биелэлтийг зохион байгуулах Онцгой комисс орон нутгийн удирдлагуудтай цахим хурал хийлээ.

Тус хурлаар

-Мал сүргийг өвөлжүүлж хаваржуулах талаар аймгийн хэмжээнд баримталж буй бодлого, өвөл, хаврын отор зохион байгуулах бэлтгэл ажлын явцын тухай Булган аймгийн Засаг даргын мэдээлэл;

-Мал сүргийг цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдэл, хэт хүйтний нөлөөллөөс хамгаалах, малын хашаа байрны хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх талаар орон нутагт хэрэгжүүлж буй ажлын явцын тухай Хэнтий аймгийн Засаг даргын мэдээлэл;

-Хадлан, тэжээл бэлтгэх, малын тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх  талаар аймгийн хэмжээнд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, ажлын явц, үр дүнгийн тухай Төв аймгийн Засаг даргын мэдээлэл;

-Мал, мах бэлтгэх, махны нөөц бүрдүүлэх, мах, махан бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх талаар баримталж буй бодлого, орон нутгийн түвшинд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Хүнс, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн даргын мэдээлэл;

-Мал эмнэлгийн үйлчилгээний бэлэн байдлыг бүрдүүлж, шуурхай удирдлагаар хангах, хүрд, ширх, хамуу, үхрийн гууртах өвчний эсрэг намрын боловсруулалтыг  зохион байгуулах тактик, бэлтгэл ажлын талаар Мал эмнэлэг, үржлийн газрын даргын мэдээллийг тус тус сонсч санал солилцлоо.

Хуралд өвөлжилтийн бэлтгэл хангуулах, биелэлтийг зохион байгуулах Онцгой комиссийн гишүүд болон аймгийн удирдлагууд, холбогдох яам, агентлаг, орон нутгийн агентлагийн дарга, ажилтнууд оролцов.

Хэлэлцсэн асуудлуудтай холбогдуулан цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайд, Онцгой комиссийн дарга, Өвөлжилтийн бэлтгэл хангуулах, биелэлтийг зохион байгуулах Онцгой комиссийн дарга Ц.Оюунбаатар албаны хүмүүст үүрэг даалгавар өглөө.

- Өнөөдрийн нөхцөлд Монголын нийгэмд ус, агаар шиг дутагдаж байгаа зүйл бол сахилга хариуцлага, ам ажлын нэгдэл байна.  Засгийн газар өвлийн бэлтгэл хангах, мал сүргийг тарган тавтай өвөлжүүлэх, өвлийг бэлтгэл сайтай даван туулахтай холбогдуулан бүхий л талын арга хэмжээг авч, төсөв санхүү хүнд байгаа ч гэсэн шаардлагатай санхүүжилтүүдийг нэн тэргүүнд шийдвэрлэж, олон тооны тогтоол шийдвэр гаргасан байгаа. Эдгээр тогтоол, шийдвэрийг бодит ажил хэрэг болгоход  холбогдох яам, Засгийн газрын агентлаг, аймаг, орон нутгийн удирдлагын түвшинд хангалтгүй ажиллаж байгаа дүр зураг харагдаж байна. Үндсэндээ цаасан дээрх шийдвэрүүдийг бодит ажил болгоход холбогдох албан тушаалтнууд дутуу дулимаг анхаарч байгааг хэлэхээс өөр арга алга гэж Шадар сайд тэмдэглэлээ.

Бид хяналт, хариуцлагын тогтолцоог сайжруулах, ам ажлын нэгдлийг хангаж, гаргасан шийдвэр, түүний заалт нэг бүрийг бодит ажил хэрэг болгох ёстой. Тэгж байж ирэх өвөл, хаврыг амжилттай даван туулна. Шийдвэр удирдамж гараад бараг нэг бүтэн улирал өнгөрч байна. Гэтэл газар дээр нь зохион байгуулж хэрэгжүүлсэн ажил цөөн, урсгалаар явж байгаагаас хугацаа их алдсан байна. Одоо бидэнд өвөлжилтийн бэлтгэлийг хангах сар хагасын хугацаа үлдээд байна гэлээ.

  Онцгой комиссийн гишүүд албан өрөөнөөсөө гарч малчны хотонд, малын бэлчээрт ажиллаж, тулгарч байгаа асуудлуудыг шуурхай зохицуулан шийдвэрлэхийг тэрээр үүрэг болголоо. Мөн Засгийн газрын шийдвэрийн биелэлтийг үнэн зөв бодитой гаргаж, Комисст 10 хоног тутамд мэдээлж байх хэрэгтэй гэлээ.  

Бэлчээрийн даацад нийцүүлэн өвөлжилт, хаваржилтыг  зохион байгуулах бодлогоо сум, баг бүрээр гаргаж, даацаас хэтэрсэн малыг хэрхэн өвөлжүүлэх арга замыг тооцон, биелэлтийг хангуулах ажлыг шуурхай зохион байгуулах шаардлагатай гэж Шадар сайд хэлээд 11 дүгээр сараас хойш отор нүүдэл хийх асуудал байхгүй. Иймд отроор өвөлжүүлэх өрхүүдийг өвөлжих газарт нь очуулж, буудал бууц, хашаа хороо, худаг усны асуудлыг шийдвэрлэх учиртай. Энэ ажил өнөөг хүртэл тодорхой болоогүй байгааг салбарын яам, аймгийн удирдлагууд анхааралдаа авч, сум, багийн түвшинд хүрч ажиллах хэрэгтэй гэсэн юм.

Мал сүргийг цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдэл, хэт хүйтний нөлөөллөөс хамгаалах, малын хашаа байрны хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, сайжруулах талаар үлдэж байгаа сар хүрэхгүй хугацаанд эрчимтэй ажиллахыг чиглэл болголоо.

Өвс хадлан бэлтгэх ажил удаашралтай байна. Гар тэжээл бэлтгэх, өвөл хавар ашиглах бэлчээрээ нөөцлөн хамгаалах талаар малчид онцгой анхаарах хэрэгтэй. Энэ талаар төв, орон нутгийн хэвлэл, мэдээллийн байгууллагууд малчдад хандсан нэвтрүүлэг, сурталчилгааг идэвхжүүлэхийг уриаллаа.  

Сум бүр боломжоо дайчлан өвс, тэжээлийн орон нутгийн нөөц бүрдүүлэх асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй. Сум, багийн төвүүдэд өвс, тэжээл худалдаалдаг дэлгүүр, цэг нээж ажиллуулах шаардлагатай. Энэ ажилд хувийн хэвшлийн оролцоог хангах, тэдний хүч, нөөцийг ашиглах талаар орон нутгийн удирлага анхаарч ажиллах нь зүйтэй.

Малын тарга хүчинд муугаар нөлөөлдөг, арьс, ноос, үсийг гэмтээж хүйтнийг тэсвэрлэх чадваргүй болгодог гадаргуугийн шимэгчдээс малыг хамгаалах, халдварын голомтыг устгах ажлыг энэ намрын нэг чухал кампанит ажил болгон зохион байгуулахыг үүрэг болголоо.

Мөн ХХААЯ энэ ажилд мэргэжил, арга зүйн удирдлага, туслалцаа үзүүлж, эм бэлдмэл, багаж хэрэгслийн хангалтыг сайжруулахад шуурхай арга хэмжээ авах нь зүйтэй гэлээ.

Олон баг, сумд бэлчээрийн даац хүрэлцээгүй, байвал зохих түвшингээсээ ачаалал нь хэд дахин хэтэрсэн, нөгөө талаар нийт нутгийн 40 хувь нь гантай буюу гандуу байгаа энэ жилийн тухайд үржлийн малаас бусад малыг тарга хүчтэй байгаа дээр нь борлуулах талаар онцгойлон анхаарах хэрэгтэй гэж Шадар сайд Ц.Оюунцаатар онцолж хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд