Аймаг байгуулсаны 78 жилийн ойн баяраар 36 хүн төрийн дээд шагнал хүртлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-07-08 22:15:43
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Ардын хувьсгалын 98, Дундговь аймаг байгуулагдсаны 78, Сайнцагаан сум байгуулагдсаны 95 жилийн ойн баяр наадмын Хүндэтгэлийн хурал Төв Халхын дуулалт жүжгийн театрт болж, шилдэг, тэргүүний хүмүүст төрийн одон, салбарын болон аймаг, сумын шагналуудыг гардуулах ёслол боллоо.

Хурлын үеэр Сайнцагаан сумын ахмад настан С.Бямбасүрэн, Говь-Угтаал сумын ахмад настан Ч.Галсандорж, ТХДЖТ-ын дуучин, МУСТА Д.Лхагвадорж нарыг “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор, Эрдэнэдалай сумын малчин Ц.Болдбаатар, Сайнцагаан сумын ахмад настан Р.Мужил, Сайнцагаан сумын ахмад настан Г.Буяндэлгэр, Говийн Ирээдүй Цогцолбор сургуулийн менежер Л.Галиндмаа, Дэлгэрцогт сумын ахмад настан С.Дамчаа нарын 21 хүнийг “Алтан гадас” одонгоор тус тус шагнажээ.  

Мөн Говь-Угтаал сумын ЭМТ-ийн лаборант бага эмч Д.Бадамбаяр, аймгийн МХГ-ын мал үржлийн хяналтын улсын байцаагч Б.Батгэрэл, Говь-Угтаал сумын ЭМТ-ийн ахлах нягтлан бодогч Б.Батцэнгэл нарын 12 хүнийг “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар шагнасан байна.

Мөн салбар салбартаа амжилт гаргасан шилдэг ажилтнуудыг салбарын “Тэргүүний ажилтан” цол тэмдэг, салбарын жуух, “Аймгийн хүндэт” тэмдэг, аймгийн болон Сайнцагаан сумын Засаг даргын жуухаар шагнажээ.

Түүний дотор тус аймгийн ЗДТГ-ын хамгаалалтын ажилтан Ө.Анхбаяр “Монгол Улсын тэргүүний ардын авьяастан”, Сайнцагаан сумын иргэн С.Лувсанчүлтэм “Монгол Улсын онц тээвэрчин” цол тэмдгээр шагнуулж, Цагаандэлгэр сумын малчин Д.Сайнбаяр “Мэнд сүрэгтэн” боллоо.

Ардын хувьсгалын 98, Дундговь аймаг байгуулагдсаны 78, Сайнцагаан сум байгуулагдсаны 95 жилийн ойн баяр наадмын хурлын үеэр мөн Төв халхын дуулалт жүжгийн театрын жүжигчдийн хүндэтгэлийн тоглолт боллоо. 

Холбоотой мэдээ