"Хамтын хүч-2" дэд төсөл хэрэгжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-07-09 22:57:40

Увс /МОНЦАМЭ/. Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх “Хамтын хүч-2” дэд төсөл Увс аймгийн эрүүл мэндийн салбарт энэ жил дахин хэрэгжиж байна.

Тус төслийн хүрээнд аймгийн Нэгдсэн эмнэлэг болон Баруунтуруун, Тариалан сумын Эрүүл мэндийн төвийн Эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах төсвийн төлөвлөлтийг үндэслэлтэй, гүйцэтгэлд тулгуурлан олон нийтийн оролцоотой бэлтгэх, цаашлаад тендер шалгаруулалт, гэрээний биелэлт, худалдан авсан эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, хүртээмж, үр ашигтай байдалд олон нийтийн оролцоотой хяналтын механизмын загвар бий болгохыг зорьж байгаа аж. Энэ төслийг Увс аймагт хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн  байгууллагуудын төлөөллүүд идэвхтэй оролцож байна.  

"Дэлхийн банкны санхүүжилтээр “Нийгмийн эгэх хариуцлага” төсөл манай аймгийн эрүүл мэндийн байгууллагуудад хэрэгжээд гурван жил болж байна. Энэ жилээс эхлээд хоёр дахь үе шат нь хэрэгжиж байна. Бид энэ жилийнхээ төслийг анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудын эм, эмнэлгийн хэрэгслийн худалдан авалт, төлөвлөлт, гүйцэтгэл, үр дүнг сайжруулахад чиглүүлж байгаа. Төслийн гол зорилго маань анхан шатны эрүүл мэндийн байгууллага дээр эм, эмнэлгийн хэрэгслийн төлөвлөлт ямар байна, хэрэгцээ нь ямар байна, гаднаас эм тариа авахуулж байна уу, тендерийн худалдан авалт хэр чанартай байна, үнэ ханш нь ямар байна гэдэгт хяналт тавьж ажиллах юм.

Энэ төслийн бас нэг гол онцлог нь зөвхөн төрийн байгууллагууд оролцоод зогсохгүйгээр иргэний нийгмийн байгууллага, иргэд оролцож өөрсдийнхөө санал хүсэлтээ чөлөөтэй илэрхийлэх боломж олгодог, олон нийтийн онооны картаар эмнэлгийн тусламж үйлчилгээнд үнэлгээ өгдөг маш чухал төсөл юм" хэмээн аймгийн ЭМГ-ын дарга Ц.Отгонбаяр хэллээ.


Холбоотой мэдээ