Усанд боогдсон гадаадын жуулчдыг аварчээ

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2019-07-17 14:41:24

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой байдлын газрын хамт олон баярын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан байна. Баяр наадмын үеэр нийтдээ 18 дуудлага ирснээс Тариалан суманд гадаадын иргэд усанд боогдсон хэрэг гарчээ. Тодруулбал, Тариалан сумын Мянган багийн Шагайтын хөтөлд буюу аймгийн төвөөс баруун зүгт 70 км-т, Тариалан сумын төвөөс 40 км-т Норвеги улсын хоёр жуулчин, Монгол Улсын таван иргэн хамтдаа Хархираа голын усанд боогдсон аж.

Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газраас аврах баг очиж, Хархираа гол дээгүүр тэднийг аврах олсоор татаж гарган аюулгүй газарт шилжүүлсэн байна. Мөн Завхан сумын Хэцүү хадад буюу Хяргас нууранд хийлдэг завьтай таван иргэн төөрснийг аймгийн Онцгой байдлын газраас эрлийн баг гарч тус сумын Цахирын хадаас олж амь насыг нь авран хамгаалсан аж. Дээрх хоёр дуудлагад давхардсан тоогоор 21 албан хаагч очиж ажиллажээ.

“Баяр наадам, амралт зугаалга үргэлжилсэн энэ өдрүүдэд ард иргэд нуур цөөрөм, гол горхид аль болох орохгүй байж, зориулалтын бус завь, хийлдэг гудас зэргийг ашиглахгүй байх. Мөн хүчтэй аадар борооны улмаас цахилгаан цахиж гал түймэр гарах эрсдэл өндөр байгаа тул иргэд маань цахилгааны утасныхаа аюулгүй байдлыг сайтар хангах хэрэгтэй” гэж аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Д.Баттулга хэллээ.

Баярын өдрүүдэд ирсэн 18 дуудлагын 16 нь хүчтэй аадар борооны улмаас иргэдийн гэр, хашаа, орон сууцны зоорийн давхар усанд автсан гэх дуудлага байсан бөгөөд үүнд аймгийн ОБГ-аас шуурхай арга хэмжээ авч ажилласан аж.  

Холбоотой мэдээ