Баяндалай-Гурвантэс чиглэлд 10 км зам барьж байна

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2019-07-22 15:21:53

Өмнөговь /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн Баяндалай-Гурвантэс чиглэлд 10 км хатуу хучилттай авто замын барилгын ажил 70 хувьтай.

Энэхүү ажлыг "Дардан говь" ХХК гүйцэтгэж 10 дугаар сард ашиглалтад хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна. Тус аймагт Даланзадгад-Баяндалай-Гурвантэсийн чиглэлд 2013 оноос эхлэн хатуу хучилттай зам барьж байгаа юм.

Даланзадгад-Баяндалай чиглэлийн замыг орон нутгийн төсвийн хөрөнгөөр барьж дуусгасан. Тодруулбал 2013 онд 10 км, 2014 онд 13 км, 2015 онд 26км, 2016 онд 25км замыг тус тус барьсан.

Орон нутгийн замыг Өмнөговь аймаг өөрийн хөрөнгө оруулалтаар барьж байна. Уг замаар баруун бүсийн сумдын иргэд төдийгүй тус бус нутагт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниуд хангамжийн бараагаа татаж авдаг.

Зам барьснаар байгаль орчныг хамгаалж малын бэлчээр талхлалт, тоосжилт зэрэг байгалийн эсрэг сөрөг үр дагавар үгүй болно. 


Холбоотой мэдээ