Наймдугаар сард Увсын ихэнх нутгаар бороо орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-07-29 14:14:13

Увс /МОНЦАМЭ/. Увс аймгийн нийт нутгаар ирэх наймдугаар сард агаарын температур 17-22 хэм, буюу ихэнх нутгаар олон жилийн дунджаас 0.5-1.5  хэмээр дулаан.

Нутгийн зүүн хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим бороо орох төлөвтэй. Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхээр нутгийн зарим газраар түр зуурын бороо, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн зүүн хэсгээр, сүүлчээр  ихэнх нутгаар, гуравдугаар арав хоногийн эхээр нутгийн зарим газраар, хугацааны сүүлчээр нутгийн хойд хэсгээр бороо, сарын эцсээр уулархаг нутгаар хур тунадас орно.

Дуу цахилгаантай бороотой. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ, ялангуяа хоёр ба гуравдугаар арав хоногийн сүүлчээр зарим газраар  салхины хурд түр зуур 18-20 м/с хүрч ширүүсч болзошгүй хэмээн аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээлэв.

Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр цаг агаар бага зэрэг сэрүүсч уулархаг нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 14-19 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм өдөртөө 20-25 хэм дулаан байх нь.

Харин гуравдугаар арав хоногийн сүүлчээр уулархаг нутгаар шөнөдөө дөрвөн хэм дулаанаас нэг хэм хүйтэн, хөрсөн дээрээ 0-5 хэм хүрч цочир хүйтэрч, өдөртөө 9-14 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан байна. Бусад хугацаанд уулархаг нутгаар шөнөдөө 4-9  хэм, өдөртөө 18-23 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байх аж.


 

Холбоотой мэдээ