Мориноос унасан хүүхдүүдийн биеийн байдал сайн байгаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-07-30 12:39:26

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. "Алтай-Таванбогд" хурдан морины баруун бүсийн зуны уралдаан өнгөрсөн амралтын өдөр Баян-Өлгий аймагт болсон. Уралдаанд найман насны ангиллаар 475 морь, 201 уралдаанч хүүхэд оролцсоноос дөрвөн хүүхэд мориноос унасан байна.

Аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас өгсөн мэдээллээр энэ удаагийн наадмаар болзошгүй эрсдэл, аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор уралдаанч хүүхдийг "abile" мэдээллийн санд хурууны хээгээр бүртгэж, уяачид тэдний эцэг эхтэй нь зөвшөөрлийн гэрээ байгуулсан эсэхийг нягтлан уралдаанд оролцуулсан байна. Мөн хүүхдүүд стандартын дагуу хувцасласан эсэхэд Мэргэжлийн хяналтын газартай хамтран хяналт тавьжээ.

Уралдааны явцад гурван хүүхэд гараанаас гарахдаа, нэг хүүхэд барианд ойртож ирэхдээ морь нь хадуурч унасан бөгөөд хүүхдүүдэд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж ар гэрт нь хүлээлгэж өгчээ. Одоо дээрх хүүхдүүдийн биеийн байдал сайн байгаа аж.

Мэргэжлийн байгууллагууд уралдсан морьдыг олон тооны машин дагаж явсан нь хүүхдийн аюулгүй байдалд эрсдэл учруулсан хэмээн шүүмжилсэн бөгөөд цаашид дагах машины тоог хязгаарлахыг бүх шатны зохион байгуулах комисс, холбогдох албан тушаалтнуудад анхааруулав. 

Холбоотой мэдээ