Гагнуурын ангийн оюутнууд олон улсын сертификаттай төгсөж байна

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2019-08-07 12:53:16

Өмнөговь /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн Политехник коллежийн гагнуурын ангийн оюутнууд олон улсын сертификаттай төгсөж байна.

Коллеж гагнуурын мэргэжил олгох нэг жилийн сургалтыг амжилттай явуулж хоёр жилийн хугацаанд нийт 34 оюутныг гагнуурын олон улсын стандартын мэдлэг ур чадварт сургажээ.

Энэ ангийг дүүргэсэн залуус гагнуур, хагас автомат гагнуур, гар нуман гагнуур зэрэг төрлөөр мэргэжлийн ур чадвартай болж байгаа юм. Өмнөговь аймгийн ЗДТГ, Оюутолгой компани хоорондын хамтын ажиллагааны хүрээнд орон нутгийн иргэдийг ажил мэргэжилтэй болгох улмаар ажлын байранд зуучлах санамж бичиг байгуулсан.

Санамж бичгийн хүрээнд Оюутолгой компанийн сургалтын хэлтэс, "Сүбэдэй Майнинг Сервис" ХХК, Өмнөговь аймгийн Политехник коллеж хамтран уг сургалтыг явуулж байгаа бөгөөд сургалт үнэ төлбөргүй төдийгүй  суралцагч сурах хугацаандаа сар бүр 100,000 төгрөгийн тэтгэлэг авч байна.

Төгсөгчдийн 70-80 хувь нь Оюутолгой болон бусад компанид үндсэн ажилчнаар ажилладаг аж. Политехник коллеж нь гагнуурын ангийн гурав дахь удаагийн элсэгчдээ энэ сарын 15-наас  эхлэн бүртгэнэ.

Холбоотой мэдээ