Монгол, Оросын баг аадар бороонд даалгавар гүйцэтгэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-08-06 11:48:45
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Аравт" морин цэргийн уралдааны 130 км-ийн алсын зайн маршид Монгол, Оросын баг ширүүн аадар бороонд даалгавар гүйцэтгэж байна. Дөнгөж сая Оросын баг дөрөв дэх даалгавар болох "Татан гаргах" цэгт даалгавраа амжилттай биелүүллээ. 



Монгол Улсын баг морин маршийн сүүлийн даалгавар болох энэхүү цэгт хоёр цагийн өмнө даалгавраа  амжилттай гүйцэтгэсэн. Энэ цэгт аюултай газар орноос сум галт хэрэгслийг зөөх, шархадсан иргэдэд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, зөөвөрлөх юм. Энэ цэгээс бартаа саадтай 20 гаруй км замыг туулж, барианд орно. Багуудын үүрэг гүйцэтгэлтэй "Аравт" уралдааны Ерөнхий шүүгч болон Монгол, ОХУ, Казахстан, Киргиз улсын шүүгч нар танилцаж байна.



Багууд 130 км-ийн маршид уралдардаа, морьтой усан болон минийн саад туулж, морь бугуйлдах, түүнийгээ уналгад бэлтгэх, молцог элсэнд хоноглох, шархтныг татаж гаргах, сум, галт хэрэгслээ мориор зөөвөрлөх зэрэг даалгаврыг ийнхүү гүйцэтгэлээ.



Цэргийн алба хаагчийн бэлтгэл сургуулилт, ур чадвар, тэсвэр хатуужлыг сорих алсын зайн морин маршид Казахстан, Киргизийн баг тамирчид өчигдөр барианд орж, Монгол, ОХУ-ын баг тамирчид гараанаас гарсан. Монголын баг өглөөний 08.00 цагт гараанаас гарсан бол, Оросын баг хоёр цагийн дараа хөдөлсөн. Гараанаас бариа хүртэл хамгийн бага хугацаа зарцуулснаар нь байрт тодруулна. 


“Аравт”-ын алсын зайн морин маршийн уралдаан наймдугаар сарын 4-нд эхэлсэн бөгөөд өнөөдөр сүүлийн хоёр баг барианд орсноор дуусна. Сугалаа ёсоор Казахстан, Киргиз, Монгол, Орос гэсэн дарааллаар гараанаас хөдөлсөн юм.

Холбоотой мэдээ